СҮХБААТАР: Мэргэжлийн боловсролын сургууль худалдаа борлуулалтын ангийг шинээр нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-03 14:33:47

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боловсролын сургууль /МБС/ 2025-2026 оны хичээлийн жилд худалдаа борлуулалтын ангийг шинээр нээжээ. Насанд хүрэгчдийн, нэг жилийн анги 20 суралцагчтайгаар онол, практикыг хослуулан сургалтаа явуулж байна.


Орон нутагт худалдаа, үйлчилгээний салбарын хүртээмжийг дээшлүүлэх, стандартыг мөрдүүлэх цаашлаад шинэ соёлыг түгээхэд төгсөгчдийн үүрэг оролцоо чухал. Өөрөөр хэлбэл энэхүү анги нь судалгааны үр дүнд суурилж нээгджээ. Тодруулбал МБС нь жил бүр зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийдэг бөгөөд өнгөрсөн хаврын судалгаагаар худалдаа, үйлчилгээний салбарын ажилчдыг бэлтгэх, чадавхжуулж мэргэшүүлэх шаардлага хамгийн чухал байгааг тогтоожээ. Тиймээс эхний ээлжид нэг жилийн хугацаатай ангийг нээсэн. Суралцагчид маш идэвх сонирхолтой байгаа. Итгэмжлэлээ авчихвал энэ чиглэлийн сургалтаа цаашид ч үргэлжлүүлэх боломжтой гэдгийг Худалдаа, борлуулалтын мэргэжлийн ангийн багш Д.Болортуул хэллээ.   


МБС нь одоогоор 13 мэргэжлийн чиглэлээр 460 гаруй суралцагчтай байгаагаас 80 нь насанд хүрэгчид байна. Тэд мал аж ахуй, төмөр зам, оёдол засвар үйлчилгээ зэрэг таван мэргэжлээр нэг жилийн хугацаанд суралцан төгсөх юм.  

Холбоотой мэдээ