“Сэлбэ 20 минутын хот” эхний ээлжийн орон сууцны барилгын ажил 2027 оны III улиралд дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа аж. Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал, Нэгдүгээр багцын бэлтгэл 80, газар шорооны ажил 90, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна. Харин хоёрдугаар багцын бэлтгэл 98, газар шорооны ажил 90 , суурь цутгалт 70, зоорийн давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй явааг албаныхан хэллээ.
Төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулах аж. Мөн 31 км авто болон дугуйн, 39 км явган хүний зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөжээ. Түүнчлэн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсацыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна. Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15 мянга гаруй яндан, 12 мянган орчим нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг зургаан хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай аж.