“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” аяныг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Экологийн цагдаагийн алба, Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэйгээр “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг доройтсон ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдсэн эвдрэлийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах, хот суурин газарт ногоон байгууламж байгуулах гэсэн гурван зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа юм. Тэгвэл энэ жил намрын улиралд тарьсан модоо арчлах, хамгаалах, өвөлжүүлэх бэлтгэл хангах чиглэлээр “Тарьсан модоо арчилцгаая” уриалга гаргаж, иргэд олон нийтэд мэдээлэл бэлтгэн хүргэхээр зорьжээ. Түүнчлэн Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 114.6 сая орчим мод тарьж, хангалттай хэмжээний тарьц, суулгацын нөөц бүрдсэнийг албаныхан онцоллоо.