БАЯНХОНГОР: Өвөлжилтийн бэлэн байдлыг эртнээс хангахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-07-23 15:03:16

Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудал болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлыг авч хэлэлцэв. 


Хурлаар, улаанбурхан өвчний нөхцөл байдал, тандалт дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг есдүгээр сараас өмнө шуурхай зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх бэлэн байдлыг хангах талаар үүрэгдлээ.


Мөн 7, 8 дугаар сарын цаг агаарын төлөв байдлаар олон жилийн дунджаас хур бороо элбэгтэй байх тул болзошгүй хүчтэй нөөлөг салхи, түр зуурын аадар борооны аюулт үзэгдэл, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангахыг холбогдох албадад даалгав.


Түүнээс гадна 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангахтай холбогдуулан Хөдөө аж ахуйн салбарт өвс, тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг эртнээс зохион байгуулах, төлөвлөх, төв суурин газрын барилга байгууламж, цахилгаан эрчим хүч, дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээг дулааны улиралд багтаан дуусгаж, бэлтгэл бэлэн байдлыг хангах шийдвэрийг гарган, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Онцгой комиссын гишүүд, сумдын Засаг дарга болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад чиглэл болгосон юм.



Холбоотой мэдээ