Япон жуулчдын тоо 2024 оныхоос 69.6 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-07-21 11:34:53

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын сая 442.5 мянган иргэн, гадаад улсын 378.6 мянга иргэн нийт сая 821.1 мянган зорчигч улсын хилээр эхний хагас жилд нэвтэрчээ. Улсын хилээр орсон манай улсын зорчигчдыг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 223.4 мянга, гадаад улсын иргэд 50.4 мянгаар нэмэгджээ.


Гадаадын зорчигчдын 240.4 мянга нь эрэгтэй, 138.2 мянга нь эмэгтэй. Тэднийг насны бүлгээр авч үзвэл дийлэнх нь буюу 219.7 мянга нь 35-59 насныхан  байна. Зорчсон хугацаагаар нь авч үзвэл 52.7 мянга нь 10 хүртэл хоног, 275.5 мянга нь 30 хүртэл хоног, 4.1 мянга нь 60-90 хүртэл хоног, 46.3 мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ.


Улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл 62.3 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 32.0 хувь нь Европ, 2.7 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 1.2 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивийн зорчигчид байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 34.9 хувь нь БНХАУ-ын иргэд, 25.9 хувь нь ОХУ, 16.0 хувь нь БНСУ, 3 хувь нь Япон Улс, 2.7 хувь нь Казахстан улсын иргэд, 17.5 хувийг бусад улсын иргэд байжээ.


Гадаадад эхний хагас жилд зорчсон манай иргэдийн 41 мянга нь албан/бизнесийн, сая 382.1 мянга нь хувийн зорилгоор явсан аж.Манай улсаас гадаад улсад зорчсон иргэд эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 201 мянган хүнээр нэмэгджээ. 


Улсын хилээр орсон жуулчдыг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад, БНХАУ-ын жуулчид 58.9 хувь, БНСУ-ын жуулчид 28.6 хувь , ОХУ-ын жуулчид, 8.4 хувь, Япон улсын жуулчид 69.6 хувь, Казахстан улсын жуулчид 3.7 хувь өсжээ.


Зорчигчдын 37.8 хувь нь Замын-Yүд, 26.0 хувь нь Чингис хаан, 8.5 хувь нь Алтанбулаг, 8.2 хувь нь Гашуун сухайт, 5.6 хувь нь Шивээхүрэн, 13.9хувь нь бусад боомтоор орсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.

Холбоотой мэдээ