ЗАВХАН: "Биндэрьяа" хэмээх Хаг нуурын шид

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-21 17:08:44

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Яруу сумын нутагт орших Хаг нуурыг “Нандин эрдэнэ, амьд ус-Биндэрьяа нуур” хэмээн нутгийнхан жил бүр тахин шүтдэг уламжлалтай.


Хаг нуурын гурван гайхамшгийг нутгийн иргэдийн өгүүлснээр дурдвал, нуурын усаар юм угаахад ямар ч савангаас дутахааргүй өнгө оруулдаг. Мөн зуны дэлгэр цагт нутгийн малчид малаа булхуулдаг бөгөөд малын тарга тэвээрэг нь сайн хадгалагддаг байна. Нуурын шаварт нь орж суух юм уу, биедээ түрхэхэд арьсны маажуур, тууралт, арьсны харшлын төрөл бүрийн өвчинд тустай юм.


Байгалийн сайхан нуугдсан үзэсгэлэнт нуурын аяллыг сонирхогчид энд цөөнгүй ирнэ. Нуурын аялал нь хөлгүй далай, түргэн урсгалт голуудад аялснаас хавьгүй намдуу тайван байдаг аж. Экстрим аялагчид нуурыг тэр бүр зүглэдэггүй бол гэр бүлээрээ аялж буй хүмүүс нуурын эрэг дээр амрахыг илүүд үзэж бас эмчилгээний шидийг нь ашигладаг ажээ.


Сүүлийн үед иргэд нуурт ороод шаврыг их хэмжээгээр саванд авч явдаг болсон. Аваад явсан шавар та бүхэнд эмчилгээ болохгүй яг нуурынхаа дэргэд тогоо ухаж түүндээ сууж шаврыг нь биедээ түрхдэг юм шүү гэж нутгийнхан болон байгаль хамгаалагчид аялагчдад зөвлөж байна.


Хаг нуур нь Эрээн хайрхан, Мандат хайрханы хоорондох хөндийд, аймгийн төв Улиастайгаас 65 км, Улаанбаатараас 1055 км-т оршдог. Нуурын урт нь 7.3 км, өргөн нь 1.1-1.6 км, ус хурах талбайн хэмжээ 7.92 км.кв сунаж тогтсон гадагшаа урсацгүй нуур юм.


Монгол улсад 50 километрээс дээш хэмжээтэй, хавтгай дөрвөлжин мандал бүхий 25 нуур бий. Үүний нэг нь Яруу сумын Хаг нуур бөгөөд эрдэс баялгаар арвин төдийгүй усны шувуу зусдаг нуур юм. Хяргас нуур, Завхан голын сав газрын судалгаанд өгүүлснээр, Хаг нуурт Хавчиг, Галтын горхиуд цутгадаг. Нуурын ашиглалт хэрэглээний чиглэл нь малын унд, эмчилгээний шавартай. Нуурын ус нь давстай, малын тэжээл болдог ажээ.  


Хаг нуурыг зорих бол Улаанбаатар хотоос 1055 км замыг засмал замаар туулж, Тэлмэн сумаас Яруу сум хүртэлх 150 орчим км замыг шороон замаар туулж хүрнэ. Хаг нуурын эрэгт жуулчны бааз, амралтын газар байдаггүй. Нуур нь Яруу сумын төвөөсөө 8 км учир өөрт хэрэгтэй аяллын нэмэлт зүйлс, амтат хоол, буудлын үйлчилгээг та сумын төвөөс нь авах боломжтой.


Нутгийнхны тахин шүтдэг нуур тул аялагчдыг нуурт амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяж бие засахгүй байхыг орон нутгаас байнга сануулж, зөвлөмж өгдөг. Нуурын эрэгт зориулалтын хогийн цэг, бие засах газартай ажээ.


Сонирхуулахад, тус нуур нь 2018 оноос ус хурах талбайн хэмжээ нь маш их багассан ба 2024 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дэмжлэгтэйгээр Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Яруу сумын Засаг даргын тамгын газар хамтран 6 км сувгийг сэргээн цэвэрлэж, Яруугийн голоос тохируулах барилгын оролцоотойгоор ус гүйх боломжоор хангажээ.


Хаг нуурыг сэргээх ажлыг хийснээр олон үр дүн гарчээ. Хаг нуурын дээд хэсэгт орших усгүй байсан Бага нуур эргээ халин цааш урсаж Хаг нуур луу хоёр салаа цутган Хаг нуурын ус хурах талбайн хэмжээ 1.05 км.кв -аар нэмэгдсэн байна.

Завхан аймгийн Яруу сумын төв, алсад Хаг нуур

Хаг нуурын шавар 

Холбоотой мэдээ