СЭЛЭНГЭ: Халуун, хуурай агаар улаан буудайн ургалтад сөргөөр нөлөөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Тариалангийн
бүс болох Сэлэнгэ аймгийн нутгаар олон хоногоор үргэлжилж байгаа халуун, хуурай
агаар нь улаан буудайн ургалтад сөргөөр нөлөөлж байна.
Агаарын хэт халалт (халууны
стресс) үүсвэл ургамалд дараах шинж тэмдгүүд ажиглагддаг болохыг мэргэжлийн
байгууллагаас анхаарууллаа.
Энэ нь агаарын температур
32–36° хэмээс дээш байхад ажиглагддаг байна.
Тухайлбал тариан түрүүний орой
хэсгээс эхлэн цайрсан, бүдгэрсэн өнгөтэй болж эхэлдэг байна. Энэ нь түрүү хэт
халуунд гэмтсэн гэсэн үг юм.
Мөн навч үзүүрээсээ шарлаж,
хатаж эхэлдэг бөгөөд энэ нь ургамал хөгжихгүй зогсонги байдалд орж байгааг
илгэнэ. Цаашлаад халууны нөлөөгөөр үрийн цутгалт бүрэн явагдахгүй, үр хорчигор
болж, ургац буурч болзошгүй болдог байна.
Хэрэв тариан талбайд дээрх шинж
тэмдэг илэрч байгаа бол доорх зөвлөмжийг анхаарах хэрэгтэй юм.
Тодруулбал ургамлын шим
тэжээлийн дутагдлыг нөхөхийн тулд амин хүчил, микроэлемент агуулсан навчны бордоог
хэрэглэж, ургамлыг стрессээс хурдан гаргах.
Мөн хэт халуун үед хөрсөнд чийг
дутагддаг тул боломжтой нөхцөлд усалгааг өглөө эрт эсвэл орой хийхийг зөвлөж
байна.
Түүнчлэн ганд тэсвэртэй сорт
тариалах, хөрсөнд хучилга үүсгэх зэргийг хийхийг зөвлөж байна.