МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-11 09:51:40

ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 11 /BBC/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр баасан гарагт хэрэгжиж эхэлсний дараа Израилын арми Газын зурвасын зарим хэсгээс цэргүүдээ хэсэгчлэн гаргаж байгаагаа мэдэгджээ.


Израилын цэргүүдийг тус нутаг дэвсгэр дэх тохиролцсон байрлалд буцаан татсан гэж мэдэгдсэн боловч цэргүүд зурвасын тал хувийг эзэлсэн хэвээр байна. Мөн сүүлийн саруудад Израилын цэргийнхэн хүчтэй бөмбөгдөж байсан Газын зурвасын хойд хэсэг рүү олон мянган палестинчууд ирж байгаа нь дүрс бичлэгүүдээс харагдана.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах тухай хэлэлцээрийн эхний үе шатыг Израилын Засгийн газар пүрэв гарагт баталсны дараа гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсон юм. Дараагийн үе шатуудын талаарх хэлэлцээ үргэлжилж байна.


Хэлэлцээрийн дагуу ХАМАС орон нутгийн цагаар даваа гаргийн 12:00 цаг гэхэд барьцаанд байгаа бүх хүнийг суллах ёстой бөгөөд үүнд эсэн мэнд байгаа хэмээн үзэж буй 20 хүн болон өөр 28 хүний цогцос багтаж байна. Израилын тал мөн Израилын шоронгуудад бүх насаараа хорих ял эдэлж буй 250 орчим палестин хоригдлыг суллах ёстой. Мөн Газын зурвасаас баривчлагдсан 1700 палестин хүнийг суллах аж.


Түүнчлэн хэлэлцээрийн дагуу Газын зурвасын оршин суугчдад нэн шаардлагатай байгаа хүмүүнлэгийн тусламжийг ачсан ачааны машинуудыг тус зурвас руу ямар нэгэн хязгаарлалтгүйгээр нэвтрүүлэх юм. Оршин суугчдын дийлэнх нь хоёр жилийн дайны үеэр олон удаа дүрвэсэн билээ. Ингэснээр баасан гаргаас эхлэн өдөр бүр тусламжийн 600 орчим ачааны машин Газын зурвас руу нэвтрэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ