ОРХОН: Хөл бөмбөгийн талбайг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны долоодугаар сарын 23/МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ЗДТГ-ын энэ оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Тухайлбал, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай байршлуудыг камержуулж байна.
Энэ ажлын хүрээнд Барилгачдын талбайн уулзвараас Сүмийн уулзвар хүртэл шаардлагатай цэгүүдэд царай таньдаг тусгай зориулалтын 35 камер, мөн гэр хорооллын байршилд авто замын дугаар таньдаг камер 10 ширхгийг суурилуулахаар төлөвлөжээ.
Мөн гэр хорооллын Рашаант баг 337 м.кв хөл бөмбөгийн талбайтай боллоо.
Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хийсэн уг ажлыг Баян-Өндөр сумын орон нутгийн хөгжлийн сангийн 79 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "ЖЗЦУГ" ХХК гүйцэтгэсэн байна.