"Starship"-ийг хөөргөх туршилтыг ирэх сард хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-09-30 11:16:47

НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 9 /TASS/. “SpaceX” компанид зохион бүтээсэн аварга том “Starship” сансрын хөлгийг хөөргөх 11 дэх удаагийн туршилтыг аравдугаар сарын 13-нд хийнэ гэж тус компани мэдээлжээ.


Уг хөлгийн туршилтын загварыг Техас муж улс дахь "Starbase" сансрын хөлгийн буудлаас орон нутгийн цагаар 18:15 цагт хөөргөх ажээ. 


Энэ удаагийн туршилтаар наймдугаар сарын сүүлчээр хийсэн 10 дахь удаагийн туршилтын нислэгийн амжилтыг бататгахыг зорьж байна. Хурдасгуурыг Мексикийн буланд зөөлөн газардуулахаар төлөвлөж байгаа ажээ. Туршилтын нислэгийн үеэр сансрын хөлгийн ачааны хэсгээс "Starlink" сүлжээний найман хиймэл дагуулыг дахин гаргах, мөн Raptor хөдөлгүүрийг дахин ажиллуулах ёстой. Үүнээс гадна, сансрын хөлгийн туршилтын загварыг хөөргөх талбайд буцааж буулгах системийн сайжруулалтыг туршина. Мөн агаар мандалд орох үеийн ачааллыг шалгахын тулд зарим дулаан тусгаарлагч хавтанг салгаж авахаар төлөвлөж байгаа ажээ. Энэхүү туршилтын загвар нь Энэтхэгийн далай дахь тогтоосон бүсэд буух төлөвтэй байна.


Уг хөлгийг дэлхий орчмын тойрог замд нислэг үйлдэх, сансрын нисгэгчдийг Сар, Ангарагт төдийгүй түүнээс алсад илгээх зорилгоор зохион бүтээжээ. Тус хөлөгт зориулж 33 хөдөлгүүр бүхий олон удаа ашиглах зориулалттай, хэт хүнд даацын “Super Heavy” зөөгч пуужинг бүтээсэн байна. "Super Heavy" болон "Starship" хөлөг дэлхийд эргэн газардахдаа эгц босоо байдлаар бууна. Зөөгч пуужин, сансрын хөлгийн урт нь нийлээд 121 м бөгөөд /Starship-50 м, Super Heavy-71 м/ диаметр нь 9 м, даац нь 100-150 тонн ажээ. 


2026 оны сүүлчээр хүн дүрст "Optimus" роботыг "Starship" сансрын хөлгөөр Ангараг руу илгээнэ гэж "SpaceX" компанийн тэргүүн Илон Маск гуравдугаар сарын 15-нд мэдэгдсэн юм. Түүний ярьснаар, уг нислэг амжилттай болбол 2029 онд "Starship" хөлгөөр хүмүүсийг Ангараг руу илгээх боломжтой ажээ. И.Маск 20 жилийн дараа Ангараг дээр хот байгуулахаар төлөвлөж байгаа юм.



Холбоотой мэдээ