Дэлхийн хамгийн хүчирхэг центрифугийг ашиглалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-09-30 12:02:28

ШАНХАЙ, 2025 оны есдүгээр сарын 30 /Xinhua/. Дэлхийн татах хүчнээс 300 дахин их хүчтэй таталцлыг үүсгэх хүчин чадал бүхий центрифугийг  Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн төв Ханжөү хотод ашиглалтад оруулжээ.


“CHIEF1300” хэмээн нэрлэсэн уг төхөөрөмжийг Жэжяний их сургуулийн инженерүүд зохион бүтээсэн байна. Энэхүү центрифуг нь 20 хүртэлх тонн жинтэй ачааг өргөх хүчин чадалтай. Төслийн ерөнхий инженер Лин Даошэний ярьснаар, “CHIEF1300”-г газар доор байрлуулсан бөгөөд агаарын эсэргүүцэл, машины халаалтаас үүсэх нөлөөллийг багасгахын тулд вакуум хөргөлтийн систем суурилуулжээ.


Уг төхөөрөмж нь ашигт малтмалын олборлолтын салбарын судалгаа, байгалийн гамшгаас сэргийлэх, хор уршгийг багасгах, хог хаягдлыг газар доор хадгалах, шинэ материалуудыг нийлэгжүүлэх судалгаа хийх зориулалттай. Төхөөрөмжийн туршилтууд амжилттай болжээ. Тухайлбал, усан цахилгаан станцын гол далан газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг шалгахын тулд хүчтэй газар хөдлөлтийг загварчлан бүтээж, 4 метр өндөр давлагаа, 20 метр өндөр цунамигийн далайн ёроолд үзүүлэх нөлөөг тооцоолсон байна.


Тус байгууламж нь дэвшилтэт шинжлэх ухааны судалгааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхэд нээлттэй бөгөөд Хятадын судлаачид шинжлэх ухааны нээлтүүдийг түргэтгэж, инновацыг дэмжихийн тулд дэлхийн тэргүүлэгч судалгааны багуудтай хамтран ажиллахыг зорьж байна.




Холбоотой мэдээ