ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Польш-Монголын парламентын бүлгийн төлөөлөгчидтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-30 08:33:14

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт энэ сарын 29-нд Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Сеймийн гишүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд тэрбээр, бүлгийн дарга болон төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Польш Улс бол манай улсын чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш төдийгүй бид бүхий л салбарт харилцан ашигтай, бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийг эрмэлздэг гэв.

 

Мөн хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, геологи, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, байгаль орчин, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан төдийгүй хоёр улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэснийг онцоллоо.

 

Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца айлчлалын бүрэлдэхүүнээ танилцуулж, хоёр орны хамтын ажиллагаа ахиц дэвшилтэй байгааг тодотгон цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна гэлээ.


Энэхүү уулзалтаар талууд хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын туршлага солилцоо, парламентын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх, тухайлбал, хууль тогтоомжийн чанар, хяналт-шинжилгээний тогтолцоо, авлигын эсрэг бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой талаар яриандаа онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ