ДАРХАН-УУЛ: Төлөөлөгчид үндсэн зургаан асуудлаас гурван асуудлыг хэлэлцэн баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-09-30 18:33:36

Дархан, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг ИТХ-ын ээлжит бус есдүгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчид хэлэлцэн нэгтгэсэн дүнгээр аймгийн 2025 оны орлогыг 28.8 тэрбум, зарлагыг 63.8 тэрбум, төвлөрүүлэлтийг 6.8 тэрбум төгрөг байхаар батлав.


Мөн аймгийг 2026 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөг төлөөлөгчдийн хэлсэн саналыг тусгаж ажиллахаар редакцын засвартай баталлаа.




Тухайлбал, орон нутгийн хөгжлийн бодлого ба бүсчилсэн хөгжил хүрээнд: Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийг өргөтгөж шинэчлэх, аймгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,


Хүний хөгжлийн бодлого хүрээнд: Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш хүртээмжтэй чанар боловсролыг хүүхэд бүрд хүргэх,


Эдийн засгийн бодлогын хүрээнд: Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, төр хувийн хэвшлийн түншлэл, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх,


Засаглалын бодлогын хүрээнд: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон орон нутгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлыг багтаан тусгажээ.




Хэлэлцэн баталсан гуравдугаар асуудал нь нийтийн тээврийн машин цагийн зардал, тарифын тооцоог батлах асуудал байлаа. Хот дотор иргэдэд үйлчлэх автобусны нэг цагт зарцуулах зардлыг тээврийн хэрэгсэл тус бүрээр нь тооцож тогтоолоо.


Үүнд их багтаамжтай дизель хөдөлгүүртэй автобус нэг машин цагийн зардал 51013 төгрөг, цахилгаан автобус 68106 төгрөг, дунд багтаамжийн автобус 44016 төгрөгийг зардал гарахаар тооцож хуралдаанд оруулсныг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид есдүгээр хуралдаанаар хэлэлцэн батлав.



 

Холбоотой мэдээ