ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-23 20:27:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /2020.10.23/ боллоо.

Хуралдааны эхэнд Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга М.Өнөржаргал мэдээлэл хийж, аймгийн ИТХ-д нэр дэвшин ялалт байгуулсан нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлж, ажлын амжилт хүсэв. Анхдугаар хуралдааныг аймгийн ИТХ-д тав дахь удаагаа сонгогдож буй ахмад төлөөлөгч Ц.Төмөрбаатар даргалж, нарийн бичгийн даргаар төлөөлөгч Б.Батсуурь ажилласан.

Ээлжит сонгуулиар аймгийн ИТХ-ын 41 мандатын 22 суудлыг Монгол Ардын Нам, 19 суудлыг Ардчилсан намын нэр дэвшигч авсан бөгөөд анхдугаар хуралдаанд МАН-ын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон бол Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан төлөөлөгчид оролцоогүй. Сонгуульд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан нэр бүхий хоёр төлөөлөгчтэй холбогдох гомдлын дагуу хуулийн байгууллага шалгалт явуулж, асуудал эцэслэгдээгүй байхад анхдугаар хуралдааныг зохион байгуулж байгааг буруушаан хойшлуулах хүсэлтийг АН-ын зүгээс тавьсан.

Харин МАН-ын намын төлөөлөгчид хэлэхдээ, шүүхийн тогтоол гараагүй байхад гэм буруутайд тооцох үндэслэлгүй, нэгэнт тогтоогдвол эгүүлэн татах зэрэг дараагийн арга хэмжээнүүд байх учир аймаг, сумдын өмнө тулгамдсан цаг үеийн асуудлыг даруй шийдвэрлэх шаардлага тулгараад буй энэ үед хуралдааныг хойшлуулж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Зун зуншлагын байдал тааруу байснаас өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвт орсон, мал мах борлуулах малчдад тулгамдаад байгаа олон асуудал шийдлээ хүлээж байхад орон нутгийн удирдлагыг томилох, ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцолж байв.

Ийнхүү 53,6 хувийн ирцтэйгээр хуралдааныг цааш үргэлжлүүлж, хуралдаанд оролцсон 22 төлөөлөгчид үнэмлэх тэмдгийг гардуулсан юм. Аймгийн ИТХ-ын даргад МАН-ын бүлгээс Э.Энхбат, Засаг даргад одоогийн Засаг дарга Д.Мөнхсайханы нэрийг дэвшүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэн, томилуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Аймгийн ИТХ 11 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болж, ИТХ-ын төлөөлөгч Б.Батбаяр, Ч.Отгонбаатар, Ж.Ганхүлэг, Б.Нацагдорж, А.Батаа, Д.Сайнжаргал, Т.Хишигбаатар, Д.Батболд, Т.Эрдэнэбат, О.Батаа нарыг сонгосон юм.

Холбоотой мэдээ