Сантмаргазын "Дуут хад" залуу хосуудын очих дуртай газар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-07 19:21:49

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн Сантмаргаз сумын төвөөс зүүн хойно 23 километрт Дуут хад буюу Дэрэн чулуу бий.

Уг дурсгал нь одоо байгаа төрхөөрөө Дэрэн чулуу ч гэж нэрлэгддэг.

Учир нь гурван ширхэг жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан, чулууны  урт нь 85см, өргөн нь 55см, зузаан нь 32см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй, хоёр хажуу талд нь яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн буган чулуутай.

Энэхүү буган чулуу нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу. Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дуугардаг байна. Энд нутгийн дуу хуурт дуртай иргэд ирж дуут чулууг хөглөж ая тоглох дуртай ажээ. Мөн тус сумыг зорин ирсэн зочид заавал үзэж сонирхдог газар ажээ. Харин сүүлийн үед тус нутгийн шинээр гэр бүл болж буй залуу хосууд зорьж очиж хуримын дурсгалын зургаа татуулдаг болжээ. 

Холбоотой мэдээ