“TikTok”, “WeChat” дэлхий дахинд цензур тогтоож байна гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-14 16:14:49

МОСКВА ./kommersant/. TikTok”, “WeChat” зэрэг нийгмийн сүлжээнүүд нь улс орнуудад интернет цензур бүхий хатуу чанга хэм хэмжээ тогтоож байна гэж Австралийн “ASPI” судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байна. Түүгээр ч үл барам зарим нийгмийн сүлжээ итгэл найдвар төрүүлэхээргүй хүмүүсийн талаарх мэдээллийг БНХАУ-ын эрх баригчдад дамжуулж байгаа бөгөөд эдгээр мэдээллийг хувийн аюул заналхийлэл учруулах зорилгоор ашиглаж байна гэжээ.  


Хятадын “TikTok”, “WeChat” тэргүүтэй нийгмийн сүлжээнүүд, хавсралтууд нь олон улсад танигдахын зэрэгцээ Хятадад тогтоосон цензурыг бусад улс оронд түгээхэд нөлөөлж байна гэж Австралийн “ASPI улс төр, стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжэээчид мэдэгджээ.


Тодруулбал, хилийн чанадад 100 сая орчим удаа татагдсан “WeChat” хавсралт Хонконгийн эсэргүүцэлтэй холбоотой нийтлэлүүдийг голдуу хянадаг аж. “ASPI” хүрээлэнгийн мэдээлснээр, иймэрхүү төрлийн нийтлэл оруулсан зарим хэрэглэгчийн хаягийг хаадаг байна. “COVID-19” цар тахал дэгдэж эхэлснээс хойш цензур тогтоох нь улам ихэсжээ. Тухайлбал, “WeChat” АНУ, Их Британи, Энэтхэгийн Элчин сайдын яамдуудын нийтлэлийг хянаж шалгасан тохиолдол хэд хэдэн удаа гарчээ.


Түүнээс ч илүү айдас төрүүлэм зүйл нь Хятадын эрх баригчид хилийн чанадад амьдарч буй уйгурчуудын мэдээллийг олж авч, заналхийлсэн зурвас илгээх зорилгоор “WeChat” хавсралтыг ашиглах явдал юм хэмээн “ASPI”-н тайланд дурджээ.


Харин бичлэг байршуулах үйлчилгээ үзүүлдэг “TikTok сүлжээ цензур тогтоохдоо илүү нарийн төвөгтэй хийгээд сүрхий анзаарагддаггүй аргыг ашигладаг байна. Тодруулбал, “TikTok” хэрэглэгчийн зарим нэг контентыг хориглодог бөгөөд үүнийгээ мэдэгдэхгүйгээр хийдэг байна. Жишээ нь зарим нэг “hashtag” ажилдаггүйгээс гадна хэрэглэгчдэд хүрэх зарим контентыг дардаг гэдгийг хэрэглэгчид мэддэггүй аж. Түүнчлэн улс төрийн хөдөлгөөн, шашин шүтлэг, хүйс, бэлгийн чиг хандлагатай холбоотой үгсийг ихэвчлэн нуудаг болохыг илтгэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ