А.Навальныйг “Новичок” бүлгийн бодисоор хордуулсан тухай мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЕРЛИН. /TASS/.
Германы цэргийн хор судлаачид Оросын сөрөг хүчний удирдагч Алексей
Навальныйгийн биеэс “Новичок” бодисын ул мөрийг илрүүлсэн тухай ХБНГУ-ын
Засгийн газар мэдэгджээ. А. Навальныйд юу тохиолдсоныг олж илрүүлэхийг Герман Оросын эрх
баригчдад уриалжээ.
Юу тохиолдсон бэ?
“Томск-Москва” хотын чиглэлд нислэг үйлдэж байсан онгоцонд сууж явсан А.Навальныйгийн бие нь
тавгүйрхэж, 8 дугаар сарын 20-нд эмнэлэгт хүргэгджээ. Ухаангүй байдалтай байхад
нь түүнд хиймэл амьсгалан аппарат залгасан байна.
Хожим нь Оросын эмч нар түүний биеэс ямар нэгэн хортой бодис илрээгүй гэжээ.
“Charite” эмнэлэг
А.Навальныйг
8 дугаар сарын 22-нд Германы Берлин хотын “Charite” эмнэлэг рүү шилжүүлжээ.
Харин тус эмнэлгийн эмч нар А.Навальныйг хордуулсан гэж үзсэн байна.
Түүнийг “холинестеразын дарангуйлагчид” хэмээх бодисын идэвхтэй бүлгээс гаралтай бодисоор хордуулсан болохыг шинжилгээний дүн нотолсон ч яг ямар төрлийн бодис гэдэг нь тодорхойгүй байна хэмээн тухайн үедээ Германы эмч нар мэдэгджээ.
ХБНГУ-ын Засгийн газрын мэдэгдэл
ХБНГУ-ын
Зэвсэгт хүчний Бундесвер буюу Зэвсэгт хүчний лаборатори “Charite” эмнэлгийн
санаачилгаар А.Навальныйгаас хортой бодис илрүүлэх шинжилгээ авсан тухай
Германы засгийн газрын төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдсэн байна.
Тэрбээр
хэлэхдээ, А.Навальныйгаас “Новичок” бүлэгт хамаарах мэдрэл саажуулах хортой
бодис илэрсэн гэжээ.
Германы
канцлер Ангела Меркель 9 дүгээр сарын 2-нд сайд нарыг оролцуулсан зөвлөгийн
хийж, энэ асуудалтай холбоотойгоор авах алхмуудыг зөвшилцжээ.
Герман
А.Навальныйтай холбоотой хэргийн талаарх шинэ мэдээллийг ЕХ, НАТО болон Химийн
зэвсгийг хориглох байгууллагад өгч, энэ хэрэгт Москва ямар алхам хийхээс
шалтгаалан түншүүдтэйгээ арга хэмжээ авна гэжээ.
Оросын үзүүлж буй хариу үйлдэл
ОХУ-ын
ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ, А.Навальныйг
хордуулсан талаар Германаас мэдээлэл аваагүй гэжээ.
Болсон
хэргийг мөрдөн шалгах хүсэлтэй байгаагаа Оросын тал өмнө нь хэд хэдэн удаа
мэдэгдсэн бөгөөд Ерөнхий прокурорын газрын хүсэлтэд Германы өгөх хариуг
хүлээж байгаа тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам цохон тэмдэглэсэн байна.
Оросын
шинжээчид А.Навальныйгийн биеэс болон эд зүйлээс нь ямар нэгэн хортой бодис
илрүүлээгүй аж. Цагдаа нар мөн түүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсныг
нотлох баримт олоогүй байна.