БНСУ-ын хүн амын тоо энэ онд анх удаа буурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-26 14:04:00

СӨҮЛ. /TASS/. Энэ онд улсынх нь хүн амын тоо буурна гэж БНСУ-ын эрх баригчид таамаглаж байна. Статистик мэдээллийг албан ёсоор гаргадаг болсноос хойш анх удаа ийм үзүүлэлтийг харуулж магадгүй байна гэж БНСУ-ын Сангийн орлогч сайд Ким Ён Бом мэдэгджээ. 


Энэ онд БНСУ-д анх удаа нас баралтын тоо төрөлтийн тоог давж, хүн амын тоо буурч магадгүй байгааг тэрбээр онцолжээ. 


Өнгөрсөн 4 дүгээр сарын байдлаар тус улсад 53 сар дараалан төрөлтийн тоо буурч байгаа бол коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор гэрлэлтийн тоо энэ онд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 21.8 хувиар буурчээ. Оны эхний 4 сарын байдлаар 97.4 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оныхтой харьцуулахад 10.9 хувиар бага үзүүлэлт аж.


БНСУ-д төрөлтийн ерөнхий коэффициент 2019 онд 0.92-д хүрснээр, энэ үзүүлэлтээр хамгийн бага орнуудын нэг болжээ. Хүн амын тоог хэвийн хэмжээнд байлгахад энэ үзүүлэлт 2.1 байх ёстой аж.


Үүнтэй холбогдуулан төрөлтийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээг шинээр боловсруулахыг эрх баригчид зорьж байгааг БНСУ-ын Сангийн орлогч сайд онцолжээ.


Хүн амын тоо энэ эрчээрээ буурсаар байвал 2050 он гэхэд одоогийн 51.6 саяас 40-48 саяд хүрч, 2100 онд 20 сая орчимд хүрнэ гэж шинжээчид үзэж байна. 

Холбоотой мэдээ