Завхан аймагт сүүлийн гурван жил шилжиж ирсэн хүний тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-17 22:26:26

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт энэ оны тавдугаар сарын байдлаар нийт 673 иргэн гадна аймаг, хотоос шилжин иржээ. Үүний 600 нь насанд хүрэгчид, 73 нь хүүхэд байна. 

Тус аймагт сүүлийн гурван жил шилжин ирэгсдийн тоо өссөн байна. Тухайлбал 2018 онд гадна аймаг хотоос Завхан аймагт 608 иргэн шилжин ирж, 639 иргэн гадна аймаг, хот руу шилжиж, сум хоорондын шилжилт хөдөлгөөнд 301 иргэн оролцжээ. Шилжилт хөдөлгөөнд оролцогчдын хувьд амьдралын нөхцөл сайжруулах, асран хамгаалах, мэргэжлийнхээ дагуу ажиллах, бусад гэсэн шалтгаанууд зонхилж байна. 

Тодруулж хэлэхэд 2018 онд батлагдсан Улсын бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжилт хөдөлгөөнийг зөвхөн оршин суух газраа буюу шилжин ирж буй засаг захиргааны нэгжийн улсын бүртгэгчид бүртгүүлдэг болсон. Иймээс 2019 онд зөвхөн шилжин ирсэн иргэдийн тоон мэдээлэл л гарсан байна. 2019 онд 468 хүн гадна аймаг хотоос шилжиж ирсний 305 нь насанд хүрэгчид, 163 нь хүүхэд байна.

Шилжих хөдөлгөөнийг цаг хугацаа, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хил хязгаар давсан эсэх, зорилго, шинж төлөвөөс хамааруулан ялгаатай байдлаар тодорхойлсон байдаг. Манай улсын хувьд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар  “Иргэн, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга. Харин 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ” гэж заасан байдаг. Энэхүү заалтыг үндэслэн бүрмөсөн болон түр шилжигчдийг ялган тодорхойлдог хэмээн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ