Цагдаагийн байгууллагад УИХ-ыг сонгуулийн хууль зөрчсөн тухай 676 гомдол иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-15 14:32:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд нэр дэвшигч, нам, эвслүүд сонгуулийн хууль зөрчсөн тухай 676 гомдол, мэдээлэл ирсэн байна. Энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэв.


Цагдаагийн байгууллага сонгуулийн үед иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдсан, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, гүтгэсэн зэрэг 22 төрлийн 38 зөрчлийн хэргийг шалгах үүргийг хуулиар хүлээсэн.


ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү, “Цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд ирсэн гомдол, мэдээллийн 308 нь нийслэлд, 368 нь орон нутагт гарсан байна. Мэдээллийг агуулгаар авч үзвэл, дийлэнхийг нь сонгуулийн сурталчилгааны самбар, зурагт хуудас болон сурталчилгааны материал устгах, бохирдуулсан, сурталчилгааны явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ ашиглан гүтгэн доромжилсон, худал мэдээлэл тараахтой холбоотой гомдол байна. Үүнээс гадна энэ оны 4 дүгээр сарын 20-ноос хойш иргэний улс төрийн эрх эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчилтэй холбоотой 390 гомдол цагдаагийн байгууллагад албан ёсоор ирлээ. Үүний 108 нь нэр дэвшигчийн нэр хүнд, алдар хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасантай холбоотой байна. 228 буюу 58.4 хувь нь  харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан, улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсантой холбоотой гомлол байна” гэлээ.


Цагдаагийн байгууллагаас нийт ирсэн гомдол мэдээллийг 19-ийг нь харъяаллын дагуу тагнуул, мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн, улсын бүртгэлийн байгууллагад шилжүүлсэн бол 17-д нь зөрчлийн хэрэг нээжээ. Түүнчлэн 204 гомдол, мэдээллийг зөрчлийн шинжгүй хэмээн хэрэг нээхээс татгалзсан бол 146 мэдээллийг шалгаж байна.


ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат, “Сонгогчдод хууль бусаар эд зүйл, мөнгө тараавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14. 5 дугаар зүйлд “Иргэн сонгох эрхээ эдлэх, сонгуулийн хорооны үйл ажиллагаанд саад хийсэн буюу сонгогчийн эд хөрөнгө, мөнгөөр татан санал худалдан авч үйлдсэн бол 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-5 таван жил хүртэл зорчих эрх хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ял шийтгэнэ” гэсэн заалттай. Эд зүйл, мөнгө тараасантай холбоотой 18 дуудлага 102 тусгай дугаарын утсанд ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгаж байгаа бөгөөд ихэнх нь худал, үндэслэлгүй гэдгийг тогтоосон” гэв.

И.Даваадорж

Холбоотой мэдээ