УИХ-ын тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүний санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг 50 зүйлтэй бөгөөд төслөөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой харилцааг зохицуулсан байна. Тухайлбал, УИХ-ын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох тухай, УИХ зөвхөн Ерөнхий сайдыг томилж, огцруулж, харин Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлж, огцруулах эрхийг хасчээ.
Засгийн газрын ажлын хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн батлах, хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байх болон улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй талаар заасан байна. Хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоох тухай, УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох тухай, чуулган нэгдэн болон Байнгын хорооны хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд үзэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх, хуулийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар батлах тухай зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг С.Бямбацогт гишүүн танилцуулав.
УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй тухай, Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүнийг хавсарч болох тухай, гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Төсөлд УИХ-ын олонхыг бүрдүүлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөх тухай тус тус заажээ. Ерөнхий сайдыг огцруулах тухай санал гаргах, түүнд итгэл хүлээлгэх эсэхтэй холбоотой зэрэг УИХ, түүний бүрэн эрхтэй холбоотой 13 багц асуудлыг шинэчлэн зохицуулснаар хуулийн төслийг боловсруулжээ. Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байгаа албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн хэмээн үзнэ. Ингэхдээ, Төрийн албаны болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хариуцлагажуулсан гэлээ. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулахтай холбоотой асуудлыг төсөлд тусгасан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар асуулт асууж, төсөл санаачлагчдаас хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтын талаар Ж.Батзандан гишүүн тодруулав. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн, Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2 дахь хэсэгт заасан тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн, гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол эгүүлэн татах тогтоол гаргахаар төсөлд тусгажээ.
Хянан шалгах түр хорооны талаарх асуултад Д.Лүндээжанцан гишүүн хариулсан. Үндсэн хуулийн 28 дугаар зүйлд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргавал цөөнхийн төлөөлөлтэй, хойшлуулшгүйгээр нэг жил хүртэлх хугацаатайгаар байгуулахаар төсөлд тусгажээ. Хянан шалгах түр хороо нь тухайн асуудлаар холбогдох албан тушаалтан, гэрчийг дуудан ирүүлэх, хянан шалгагч, шинжээч томилох, тэдгээрээс тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, мэдээлэл гаргуулах бүрэн эрхтэй байх юм байна. Түүнчлэн тус түр хороо нь Үндсэн хуулиар тогтоосон УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хянан шалгалт явуулна. Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглох аж. Хянан шалгах түр хороо хяналт шалгалтаар цуглуулсан нотлох баримтад үндэслэж гаргасан тайлангаа УИХ-д танилцуулснаар уг хороог татан буугдсанд тооцно. Уг тайлан нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй бөгөөд түүний цуглуулсан нотлох баримтыг шүүн таслах ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхийг шүүх шийдэх аж.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь нам, эвсэлийн бүлгийн талаарх зохицуулалтын талаар тодруулга хүсэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариулахдаа, сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна. Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар наймаас доош суудал авсан өөр өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно. Гишүүн бүлгээс гарсан бол өөр бүлэгт нэгдэн орохыг, бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглохоор төсөлд тусгасан байна. УИХ-д бүлэг байгуулсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд нэгдэн дахин бүлэг байгуулахыг хориглох юм байна. Түүнчлэн УИХ-ын гишүүд хамтран УИХ дахь нам, эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтын хэлбэр үүсгэхийг хориглох зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа гэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Энхболд, Д.Хаянхярваа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь буюу 75 хувийн саналаар дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын багийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Жавхлан, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар ажиллана.