Дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд Туркт 1 тэрбум евро олгожээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-09-24 11:15:36

БРЮССЕЛЬ. /TASS/. Дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд Турк улсад 1 тэрбум евро, Македонд 700 сая евро тус тус олгох шийдвэрийг Европын Холбооны /ЕХ/ дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан байна. Энэ тухай Европын комиссын дарга Жан-Клод Юнкер уулзалтын дараа мэдэгджээ.

“Турк улсад 1 тэрбум евро, Македонд 700 сая евро гаргах шийдвэрийг бид гаргалаа. Бид мөн 2016 онд ЕХ-ны орнуудад яаралтай тусламж үзүүлэхэд 100 сая евро, Европын аюулгүй байдал болон хил хамгаалах агентлагт 600 сая евро, Дэлхийн хүнсний хөтөлбөрт 200 сая евро, дүрвэгсдэд хүмүүнлэгийн шууд тусламж үзүүлэхэд 300 сая евро гаргахаар зөвшилцлөө” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Европын орнууд руу гарах гэсэн цагаачдын тоо нэмэгдэнэ гэж ЕХ таамаглаж байна. “Өнөөдрийн бидний хэлэлцүүлэг сэтгэл хөдлөл дээр бус баримт дээр тулгуурласан. Сирид одоо дотооддоо шилжин суурьшигч 8 сая хүн байгаа бол хөрш орнууд руу 4 сая хүн дүрвээд байна. Бид сая сая дүрвэгч ирэхэд бэлэн байх ёстой” гэж Европын комиссын дарга хэлээд зөвхөн Сириэс төдийгүй Ирак, Афганистан болон бусад бүс нутгаас Европт хүрэх гэсэн өөр цагаачид ч бас байгаа болохыг цохон тэмдэглэжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд