Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулахад анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-02 13:02:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-ийн дэргэд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-ийг байгуулжээ. Тус зөвлөл дэлхийн байгаль хамгаалах сангийн зүүн бүсийн салбартай хамтран ажиллахаар болж төлөвлөгөөгөө баталжээ.

Хүний буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий сүйтгэгдэн аюулын харанга дэлдэж байгаа энэ үед хүрээлэн буй орчин, ховор ан амьтан зэргийг гадны аливаа эрсдэлээс хамгаалах, унаган байгалиар нь авч үлдэх нь тулгамдсан асуудал болоод байгаа. Үүний хүрээнд дээрх зөвлөл нэн тэргүүнд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг сум орон нутгийн холбогдох газартай хамтран зохион байгуулах, ховордож буй ан амьтан талын буга, цагаан зээрийг хамгаалахад гол анхаарлаа хандуулж ажиллах юм байна.        

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр явагдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтийн хор уршиг манай улсад бэлчээрийн хомсдол, талхдалт, цөлжилт, ан амьтан ховордох, ган гачиг болох зэргээр илэрч байна. Ялануяа зүүн бүсийн нутаг, тэр дундаа Сүхбаатар аймагт бэлчээрийн талхдалт ихээр явагдаж үүнээс үүдэлтэй олон хор уршиг ар араасаа хөвөрсөөр байна. Тиймээс бид энэхүү ажлыг эхлүүлээд байна. Цаашид бүсийнхээ аймгуудтай хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн ажиллах болно гэж аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат хэллээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь анх 1992 онд Монгол Улсад ажлаа эхлүүлсэн бөгөөд үйл ажиллагааны цар хүрээгээрээ байгаль хамгаалах байгууллагуудаас хамгийн нэр хүндтэйд тооцогддог аж.

         

Холбоотой мэдээ