В.Путин Бишкект хүрэлцэн очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БИШКЕК. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ гишүүн орнуудын удирдагчдын уулзалтад оролцохоор Киргизийн нийслэл Бишкек хотод хүрэлцэн очжээ. Нисэх онгоцны буудалд түүнийг Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков угтан авсан байна.
ХАБГБ-ын энэ удаагийн уулзалтаар Тажик-Афганистаны хилийг бэхжүүлэх асуудал, терроризмтой тэмцэх стратегийг хэрэгжүүлэхэд НҮБ-тай хамтран ажиллах, ХАБГБ-ын гишүүн орнуудын гадаад бодлогын үйл ажиллагааг зохицуулах асуудлыг хэлэлцэнэ гэж урьд нь мэдээлж байв. Тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчид мөн цэргийн чадавхыг хөгжүүлэх, учирч буй сорилт бэрхшээл, аюул занал, түүний дотор мэдээллийн аюулгүй байдлыг хангах механизмыг боловсронгуй болгох, түүнчлэн Ялалтын 75 жилийн ойн баярын талаар хэлэлцэнэ.
ХАБГБ-ын дээд байгууллага болох Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков даргалан явуулна. Түүнд Армений Ерөнхий сайд Никол Пашинян, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин болон Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон оролцоно.
Зарим асуудлыг, тухайлбал, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, ХАБГБ-ын хариуцлагын бүс дэх нөхцөл байдлыг Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд цөөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх бол зөвлөлийн нэгдсэн хуралдааныг Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар болон аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын оролцоотойгоор явуулна.
2019-2020 онд ХАБГБ-ыг ОХУ даргалах бөгөөд В.Путин энэ хугацаан дахь тус улсын тэргүүлэх чиглэлүүдийг зарлах төлөвтэй байна. Энэ удаагийн уулзалтаар нийтдээ 17 асуудлыг хэлэлцэнэ.