Өгөөмөр баг шинэ цэцэрлэгтэй боллоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-11-06 16:31:11

Төв /МОНЦАМЭ/. “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалт"-ын жилийн хүрээнд Жаргалант сумын Өгөөмөр багт 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Цэцэрлэгийн нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, БСУГ-ын дарга У.Даваажав болон сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Жаргалант сумын Өгөөмөр баг нь 2000 гаруй хүн амтай. Нийт хүн амын 15 хувийг 2-5 насны хүүхэд эзэлдэг. Тус багийн цэцэрлэг анх 2006 онд 50 хүүхдийн хүчин чадалтай ч 100 хүүхдийг хүлээн авч байжээ.

2018 оны улсын төсөвт 784 сая төгрөгийн хөрөнгө тусгаснаар өнөөдөр шинэ барилгатай боллоо. Цэцэрлэг 4 бүлэгтэй, биеийн тамирын болон урлагийн заал тусдаа танхимд хичээллэхээр тохижуулсан байна.

Мөн Баянчандмань суманд 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийг төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд цэцэрлэгийн барилгыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоо барилгын ажил 80 хувьтай байна.

Тус цэцэрлэгийн барилгыг “Төв-Цогт Өлзийт” ХХК гүйцэтгэж байгаа аж.  

Төв аймгийн Борнуур сумын зам гүүрийн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Төв аймаг 2019 оныг "Бүтээн байгуулалт - Хөрөнгө оруулалт"-ын жил болгон зарласан бөгөөд төлөвлөсөн ажлууд ар араасаа хугацаандаа ашиглалтад орж байна. 

Холбоотой мэдээ