Аймгийн Засаг дарга 10 дугаар сарын онцлох үйл явдлыг мэдээллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-01 17:28:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сар бүрийн эхний өдөр аймгийн удирдлагууд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, цаг үеийн ажлаар мэдээлэл өгдөг уламжлалтай. Өнөөдрийн уулзалтаар өнгөрч буй 10 дугаар сард Өвөрхангай аймаг багагүй хөл хөдөлгөөнтэй, ажлын ачаалалтай байсныг аймгийн Засаг дарга Г.Ганболд онцоллоо.

Ахмадын баяр, Багш нарын баяр гээд олон салбарт тэмдэглэлт үйл ажиллагаа өрнөсөн бол ЗГХЭГ, ОБЕГ, АТГ-аас улсын үзлэг, шалгалтуудыг тус аймагт зохион байгуулсан юм. Түүний зэрэгцээ бүтээн байгуулалтуудын нээлт, өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, ирэх оны төсөв, төлөвлөгөөний боловсруулалт, хурал цуглаан гээд цаг үеийн олон ажлыг өнгөрөгч сард амжуулаад байна.

“Мянган ахмадын чуулган”, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Нутаг минь Хүлэг минь” хүндэтгэлийн тоглолт зэрэг нь 10 дугаар сарын онцлох үйл явдал байв.

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах, отор нүүдлийн ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгүүд гарч бүх суманд ажиллаад иржээ. Энэ жилийн зуншлага оройтож, газрын гарц муу байсан нь өвс хадлан авахад сөргөөр нөлөөлсөн, үлийн цагаан оготны тархалт нэмэгдэж, 10 гаруй сумын нутагт тархсан зэрэг санаа зовоосон асуудал их байгааг Засаг дарга хэллээ.  

Энэ өвөл, хавар Өвөрхангай аймгаас 800 гаруй айл өрхийн 900 мянган малыг оторлуулах урьдчилсан тооцоотой байгаагаас 170 өрхийн 200-гаад мянган малыг Дорноговь, Говьсүмбэр, Төв, Булган, Архангай аймагт оторлуулж байна.

 

Холбоотой мэдээ