Дэлхийд жилд 2.4 сая иргэн хүний наймааны хохирогч болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-16 18:01:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэж буй Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-ын хяналтын улсын байцаагчид Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 11-13-нд “Удирдах албан тушаалтан, хяналтын улсын байцаагч нарын сургалт, зөвлөгөөн”-д хамрагдлаа. 



ГИХГ, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зохион байгуулсан тус сургалт, зөвлөгөөнөөр албан хаагчид тухайн бүс орон нутгийн ажлын онцлогтой биечлэн танилцаж, мэдлэг мэдээлэл, туршлагаа харилцан солилцсон юм. 



Зөвлөгөөнийг нээж ГИХГ-ын дарга Д.Мөрөн хэлэхдээ, “Орон нутагт албан хаагчдын нэгдсэн цугларалтыг зохион байгуулснаар, тухайн нутаг орон болон хилийн боомтын онцлогтой танилцахаас гадна ажлын туршлага солилцсон чухал ач холбогдолтой. Мөн байгууллагын үндсэн чиг үүрэгтэй холбоотойгоор албан хаагчид хүний наймааны Монгол болон гадаад дахь нөхцөл байдлын талаарх мэдлэг мэдээллээ цаг ямагт дээшлүүлж байх шаардлага гарч байна. Ялангуяа хилийн боомтод албан үүргээ гүйцэтгэж буй албан хаагчид ажлын байрны хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн, хүний наймааны хохирогч болсон байж болзошгүй хүнийг таньдаг, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдийг урьдчилан сэргийлж чаддаг ур чадвартай байх ёстой. Бид энэ талаар анхаарал хандуулж ажилласнаар хүний наймааг багасгах, таслан зогсооход хувь нэмрээ оруулж чадна” хэмээн онцолж байв.



Сургалт, зөвлөгөөний үеэр албан хаагчид олон улсын шилжих хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл авч, “Ажлын байранд хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, хүн худалдаалах эрсдлээс хамгаалах нь” сэдэвт сургалтад хамрагдлаа.


“Ажлын байранд хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, хүн худалдаалах эрсдэлээс хамгаалах нь” сэдэвт сургалтыг НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн ажилтан Р.Оюунбилэг, “Экпак Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхтуяа нар зааж, дээрх сэдвээр албан хаагчидтай санал солилцсон юм. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргасан судалгаанд дэлхий нийтийн хэмжээнд жилд 12.3 сая хүн албадан хөдөлмөрийн хохирогч, 2.4 сая хүн хүний наймааны хохирогч болдог талаар дурджээ.



“Удирдах албан тушаалтан, хяналтын улсын байцаагч нарын сургалт, зөвлөгөөн” нь хоёр дахь удаагаа орон нутагт болж буй бөгөөд энэ удаа ГИХГ-ын Өмнөд бүс дэх газар зохион байгуулсан юм. Тус бүс нь Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хариуцан, хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэж, БНХАУ-тай хиллэдэг, хоёр талын байнгын ажиллагаатай Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод мөн төрийн үйлчилгээг үзүүлж байна.



Дашрамд дурдахад, Өмнөговь аймаг нь улсын хэмжээнд хамгийн том буюу 165.0 мянган кв.км нутаг дэвсгэртэй, ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс гадна “Тавантолгой”, “Оюутолгой”, “Нарийнсухайт” зэрэг стратегийн ач холбогдолтой гурван томоохон орд газартай, Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд, Говь гурван сайхан байгалийн цогцолборт газар, дэлхийд ховордсон ан амьтан, ховор төрлийн ургамлаараа гадаадын жуулчин, аялагчдын сонирхлыг ихээхэн татдаг нутаг юм.

Холбоотой мэдээ