Үлэг гүрвэлийн ясны бүтцийн судалгаа эрдэмтдийн анхаарлыг татаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Динозавр
судлаачдын Азийн холбооны IV их хурал манай оронд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хуралд 12 орны 80 орчим эрдэмтэн судлаач оролцож 60 гаруй илтгэл хэлэлцүүлж байна. Итгэлүүдээр зөвхөн үлэг гүрвэлийн судлагааны талаар хэлэлцсэнгүй. Хэдэн сая жилийн өмнөх ургамал, мөлхөгч амьтдын талаар ч олон илтгэл хэлэлцэж байна. Энэ талаар оролцогч Японы Фүкүи мужийн Үлэг гүрвэлийн музейн судлаач Ёшиказү Нода хэлэхдээ, “Бид эртний амьтан, ургамлын үүсэл, хөгжлийн талаар хэлэлцэж байна. Палеонтологийн шинжлэх ухаан 1800-гаад оны дунд үеэс эхтэй. Яг үлэг гүрвэлийн судалгаа, шинжилгээ, олдвороор өнөөдөр дэлхийд Монгол, АНУ, БНХАУ тэргүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд Тайланд энэ талын үйл ажиллагаанд шинээр орж ирлээ. Улаанбаатарын хуралд зөвхөн Азийн гэлтгүй, Дани, АНУ зэрэг орны эрдэмтэд оролцож байна. Палеонтологийн шинжлэх ухааны хөгжлийг Япон улс дэмжин ажиллаж байна” гэв.
Тэрээр, “Манай улсаас үлэг гүрвэлийн олдвор олддог ч Монголынхтой зүйрлэх аргагүй. Монголоос олдсон олдвор олон төрлөөс гадна хэлхээ ясаараа байдаг нь гайхалтай. Манай улсаас олдсон нь ганц, хоёр ширхэг, эсвэл их гэмтсэн байдаг учраас бүрэн хэмжээний судалгаа хийхэд хэцүү. Мөн палеонтологийн олдворын 70 гаруй хувь нь усны, мөлхөгч амьтных байдаг” гэсэн юм.
Энэ сарын 3-нд
Токио хотноо нээсэн "Олон улсын динозаврын экспо"-д өнөөдрийн Их хурлаар ярьж
буй үлэг гүрвэлийн судалгаа шинжилгээ, олдворыг харуулсан олон үзмэр дэлгэснийг тэрээр хэлж байв. Экспог Токиогийн зуны Олимпын өмнө нээж
байгаа нь дэлхийн палеонтологийн хөгжилтэй олон зуун хүн танилцах боломжийг олгож буйг мөн дурдаж байлаа.
Түүний хэлсэнчлэн үлэг гүрвэлийн ясны бүтцийн судалгааны тухай илтгэл Их хурлын бас нэг сонирхолтой хэсэг байв. Үлэг гүрвэлийн ясыг зүсэж, дотоод бүтцээр нь судалж буй нь сүүлийн үед хөгжиж буй арга аж. Ингэснээр тухайн амьтан үхэхдээ хэдэн настай байсныг тодорхойлохоос гадна тэр үеийн байгалийн өөрчлөлтийг мэдэх боломжтой аж. Түүнчлэн амьтны өсөлт, хөгжлийн хугацааг тодорхойлж болно зэрэг палеонтологийн салбарт нэвтэрч буй шинэ судалгааны арга, туршлагаас Их хурлын үеэр танилцуулж байна.
Үлэг гүрвэлийн судалгаа хийж байгаа олон орны судлаачид, хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох боломж бүрдүүлэх, залуу судлаачдыг дэмжих зорилгоор “Азийн динозаврын холбоог Япон улсад байгуулжээ. Түүнээс хойш Азийн үлэг гүрвэлийн олон улсын хурлыг хоёр жил тутам зохион байгуулсаар ирсэн юм. Азийн динозаврын холбооны дараагийн хурлыг 2021 онд БНСУ-д зохион байгуулахаар Улаанбаатарын хурлаар тогтоод байна.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ