Үндэсний сурын харвааны аваргуудаа тодрууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-18 16:16:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БТСГ, аймгийн Сурын холбоо хамтран Аймгийн аварга шалгаруулах үндэсний сурын харвааны тэмцээн зохион байгуулж, энэ жилийн аваргуудаа тодрууллаа.

Энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан тус тэмцээнд 6 сумын, 12 багууллагын 40 тамирчин оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн ажээ.

Насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс ’Мандалговь хүнс’’ ХХК-ийн харваач, Спортын мастер Г.Мөнхсайхан түрүүлж, Тагнуулын хэлтсийн харваач, аймгийн гоц мэргэн Б.Эрдэнэцогт, Сайнцагаан сумын зургаадугаар багийн харваач, Спортын мастер Ё.Батжаргал нар удаах байруудад шалгарчээ.

Харин эмэгтэйчүүдээс Эрдэнэдалай сумын харваач, Спортын мастер Ц.Энхтуяа түрүүлж, Аврагч спорт хороо, ‘’Эрч‘’ клубын харваач, Спортын мастер Б.Урангоо, “Мандалговь хүнс” ХХК-ийн харваач, Дэд мастер Ж.Дорждулам нар удаалсан байна.

Насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй төрөлд тэргүүлсэн эхний таван байрын 10 харваачийн тав нь нэг байгууллагаас буюу “Мандалговь хүнс” ХХК-ийн тамирчид байснаараа онцлог байлаа.

Харин өсвөр насны ангилалд Өсөх идэр мэргэн Т.Хаш-Эрдэнэ түрүүлж, ЭДЦС-ийн сурагч Э.Энхмэнд, мөн сургуулийн сурагч А.Мөнхжин нар удаалжээ.

Тус тэмцээний хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, Сурын холбооны тэргүүн, О.Бат-Эрдэнэ оролцож, сум тавьж, тамирчдын цаашдын уралдаан тэмцээнд амжилт хүсжээ. 

Холбоотой мэдээ