Олимпиадуудад амжилттай оролцсон багш, анги хамт олныг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-17 17:25:19

 

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас энэ хичээлийн жилд аймаг, бүс, улсын олимпиадад амжилттай оролцсон багш, анги хамт олонд шагнал гардууллаа.

Тус салбарын хэмжээнд хүүхэд, багш бүрийг хөгжүүлэх, боловсролын чанар хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилтыг тавьж, аймагтаа “Тоо бодож, оюунаа хөгжүүлье”, “Эх хэл эрдмийн түлхүүр”, “Гадаад хэл хөгжлийн түлхүүр”, “Эх түүхээ эрхэмлэе” сэдэвт олимпиадыг жил тутамд амжилттай зохион байгуулсаар ирсэн. Энэ жил дээрх олимпиадад ерөнхий боловсролын 29 сургуулиас давхардсан тоогоор 9416 сурагч оролцож, шилдгээ шалгаруулсан юм.

Мөн улсын төрөлжсөн олимпиадын анги нийтийн төрөлд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Л.Батчимэг багштай 9е анги 6-р байрт,  3 дахь жилдээ зохион байгуулж байгаа арифметикийн улсын уралдаанд Арвайхээр сумын 1-р сургуулийн математикийн Ч.Одончимэг багштай 6г анги тэргүүн байр, Уянга сумын 2-р сургуулийн математикийн Д.Цэцэгмаа багштай 7б анги дэд байр эзэлсэн байна.

“Үндэсний өв соёлоо тээгч түгээгч-2019” монгол бичгийн улсын уралдаанд Өвөрхангай аймаг 3 дахь удаагаа тэргүүн байр эзэлсэн юм. Байгалийн ухааны багийн олимпиадад физикийн хичээлээр 10, химийн хичээлээр 5, биологийн хичээлээр 7 баг алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Эдгээр шилдэг, багш сурагчдад шагналыг гардуулахын зэрэгцээ “Боловсрол” телевизтэй хамтран “Би багш” реалити шоуг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ