"Чингэлтэй фестиваль" долоо дахь жилдээ боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-25 17:54:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Чингэлтэй фестиваль" долоо дахь жилдээ "Монгол бахархал" сэдвийн хүрээнд өнөөдөр Анкарагийн гудамжинд болов.


Иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэг соёлыг төлөвшүүлэх, үндэсний өв, соёл, орчин цагийн хотын соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор Чингэлтэй дүүргийн ЗДТГ, СУИС-тай хамтран “Бид сайн сайханд дагуулна” уриатай “Чингэлтэй фестиваль”-ийг жил бүр зохиодог уламжлалтай. 


Фестивалийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Чингэлтэй дүүрэгт байрладаг Турк, Вьетнам улсын Элчин сайдууд, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар болон бусад албаны хүмүүс оролцов.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ, “Нийслэлийн түүхт 380 жилийн ойн хүрээнд их хотынхоо түүх соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, түүх  дурсгалын газруудыг сэргээн засварлах, хамгаалах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хүн төвтэй бодлогын хүрээнд хийх олон ажлын эхлэл өнөөдөр болж буй Чингэлтэй фестиваль юм. Олон зуун жилийн түүхтэй урлаг соёлын уламжлалаараа дамжуулаад иргэд оршин суугчид ялангуяа хүүхэд багачуудад үндэсний соёл урлагаа таниулах ажил хийнэ” гэв.


Фестивалийн үеэр, СУИС-ын оюутнууд, цэцэрлэгийн багачууд, сурагчид болон мэргэжлийн урлагийн байгууллагын соёл урлагийн тоглолт, иргэдийн парад, орчин үеийн гудамжны бүжгийн тулаан, залуусын чөлөөт уран бүтээлийн үзүүлбэр /open mic/, спортын болон хөгжөөнт тэмцээн, дүрслэх урлаг, гар урлалын үзэсгэлэн, үсчин гоо засалчдын мэргэжлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, тоглоомын үйлчилгээ зэрэг олон талт ажлыг бүтэн өдрийн турш зохион байгуулав.


Гэрэл зургийг: Б.Чадраабал

Холбоотой мэдээ