Мадейра аралд автобус осолдсоны улмаас олон жуулчин амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-18 11:22:26

ЛИСБОН. /The Guardian/. Португалын баруун өмнөд нутгийн Мадейра аралд жуулчдын автобус осолдсоны улмаас 29 хүн амиа алдаж, 28 хүн гэмтсэн тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Амиа алдагсдын олонх нь Герман улсын иргэд байжээ. Португалын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан гэрэл зургуудаас үзэхэд, цагаан өнгийн автобус замын хажуу руу онхолдсон байжээ. "Осол орон нутгийн цагаар оройны 18:30 минутын орчимд гарсан бөгөөд 19 түргэний тэрэг ирсэн" гэж “SIC” суваг мэдээлсэн байна.


Мадейра арлын өмнөд хэсэгт оршдог Канису тосгоны дарга Филипе Соузагийн сэтгүүлчдэд мэдээлснээр, Мадейра арлын нийслэл Фуншал хот руу явсан автобусанд 57 хүн байсан ажээ. Мөн тэрбээр, амиа алдагсдын 11 нь эрэгтэй, 17 нь эмэгтэй хүн байсан гэж нэмж хэлсэн байна. Ослоос португал хөтөч, автобусны жолооч амьд гарсан бөгөөд тэднийг гэмтсэн хүмүүсийн хамт Фуншал хотын эмнэлэгт хүргэжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс нэг эмэгтэй амиа алджээ. 


Португалын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза нөхцөл байдалтай биечлэн танилцахаар Мадейра арлыг зорьжээ. Тус улсын Ерөнхий сайд Антонио Коста гүнээ эмгэнэж буйгаа Германы Канцлер Ангела Меркельд илэрхийлсэн тухай “Reuters” агентлаг мэдээлээд байна.


Орон нутгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. "Осол гарах үед цаг агаар тогтуун байсан" тухай Португалын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.


Ташрамд дурдахад, 2005 онд Мадейра арлын хойд эргийн Сан-Висенте хотод автобус осолдсоны улмаас Италийн таван жуулчин амиа алдаж байжээ.  

Холбоотой мэдээ