А.Сиси Ерөнхийлөгчийн албыг 2030 он хүртэл хашиж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-17 14:02:56

КАИР. /BBC/. Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль-Сисиг 2030 он хүртэл албан тушаалаа хашихыг зөвшөөрөх тухай нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах төслийг тус улсын парламент баталсан байна.


А.Сисигийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацаа 2022 онд дуусах юм. Харин 30 хоногийн дотор бүх нийтийн санал хураалт явуулах нэмэлт өөрчлөлтөд тэмдэглэснээр, түүний бүрэн эрхийг хугацааг 6 жил болгон нэмэгдүүлж, дахин нэг удаа сунгахыг зөвшөөрсөн ажээ.


Үүний зэрэгцээ А.Сисигийн шүүх засаглал дахь эрх мэдлийг нэмэгдүүлж, улс төр дэх цэргийн оролцоог хэвээр хадгалах тухай дурджээ. Ардчилсан байдлаар сонгогдсон Египетийн анхны Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн дэглэмийг эсэргүүцэгчид жагсаал цуглаан өрнүүлсний дараа буюу 2013 онд А.Сиси цэргийн төрийн эргэлтийг удирдаж, түүнийг түлхэн унагаасан юм.


А.Сиси 2014 онд анх Ерөнхийлөгчөөр сонгогдож, өнгөрсөн онд сонгогчдын 97 хувийн саналаар улиран сонгогдсон юм. Тухайн үед зарим нэр дэвшигчийн эрхийг түдгэлзүүлж, заримыг нь баривчилсан байна.


Египетийн парламентад ч мөн А.Сисиг дэмжигч гишүүд олонхийн суудал эзэлдэг бөгөөд энэ байдлыг сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилдэг ажээ. 

Холбоотой мэдээ