Обама Кубын үндэсний баатрын хөшөөнд цэцэг өргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-22 12:15:55

ГАВАНА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубын Төрийн зөвлөлийн болон Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастротой хэлэлцээ хийхийн өмнө Гавана хотын төв талбай болох Хувьсгалын талбайд оршдог тус улсын үндэсний баатар Хосе Мартийн хөшөөнд цэцэг өргөжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубын үндэсний баатрын дурсгалыг хүндэтгэх нь чухал гэж үзсэн байна. “Кубын үндэсний баатар Хосе Мартийн дурсгалыг хүндэтгэх нь асар их нэр төрийн хэрэг юм” гэж тэрбээр Мартийн амьдрал ахуй, үйл хэргийн тухай дурдсан хүндэт зочдын дурсгалын дэвтэрт бичжээ.

Марти “эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амьдралаа зориулсан” бөгөөд “эрх өлөө, тусгаар тогнолын төлөөх түүний оргилуун хүсэл тэмүүлэл Кубын ард түмний дунд одоо ч байсаар байна” гэж Обама бичсэн байна.

Кубын үндэсний баатар хэмээгддэг Хосе Мартигийн 18 метр өндөр, цагаан гантиган хөшөөг 109 метр өндөр цамхгийн доор суурилуулжээ. Гавана хотын хамгийн өндөр барилга болон уг цамхгийн дээвэр дээр Кубын нийслэл хотыг бүхэлд нь харж болох талбай байдаг аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ