Цай Инвень 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТАЙБЕЙ. /NHK/. Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвень 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буйгаа мягмар гарагт олон нийтэд мэдээлэв.
Тэрбээр улиран сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байгаагаа “Твиттер” хуудсаараа
дамжуулан мэдэгдсэн байна. Иргэддээ сайн сайхан ирээдүйг бий болгохын зэрэгцээ
Тайванийн энх тайван, ардчиллыг хамгаалах нь түүний зорилго ажээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон
орон нутгийн сонгуульд эрх баригч Ардчилсан Дэвшилтэт нам ялагдал хүлээсэнтэй
холбогдуулан тус намын дарга Цай Инвень огцорсон билээ.
Гэсэн хэдий ч тэрбээр БНХАУ-ын дарга Си Жиньпиний “нэг улс, хоёр систем”
бодлогын эсрэг байр суурь илэрхийлсний дараа түүний дэмжигчдийн түвшин өнгөрсөн
нэгдүгээр сард өссөн байна.
Ардчилсан Дэвшилтэт нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ойрын хэдэн
сарын хугацаанд олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Харин сөрөг хүчний Үндэстний намаас ерөнхийлөгчийн сонгуульд Эрик Чуг нэр дэвшүүлж буйгаа хэдийнэ мэдэгдсэн байна. Эрик Чу нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд гол өрсөлдөгч байсан юм.
Тайванийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Тайбей
хотын дарга Ко Вэньже мөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байгаа аж.