Шикотан, Хабомаи арлуудыг шилжүүлэн өгвөл энхийн гэрээ байгуулахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-21 12:02:26

ТОКИО./Kyodo/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Курилын арлуудын өмнөд хэсгийн Шикотан, Хабомаи арлуудыг Японы талд шилжүүлэн өгөх баталгаа олговол ОХУ-тай энхийн гэрээ байгуулахад бэлэн байна гэж “Киодо” агентлаг өнгөрсөн ням гарагт Засгийн газрын эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, Шикотан арал болон Япончуудын Хабомай гэж нэрлэдэг одоо хүн оршин суудаггүй арлыг шилжүүлэн өгөх асуудлыг боломжтой гэж харж байгаа бол бусад хоёр арал болох Итуруп, Кунашир арлуудыг Японы талд шилжүүлэн өгөх асуудлыг боломжгүй гэж харж байгаа аж.  


Шикотан, Итуруп, Кунашир болон Хабомаи арлуудыг шилжүүлэн өгөхийг Оросоос шаардсаар байх нь яриа хэлэлцээг мухардалд оруулна гэж Японы тал үзэж байна. Харин энэ арлуудын хоёрыг нь шилжүүлэн өгөх үндэслэл байгаа бөгөөд үүнд ЗХУ болон Японы 1965 онд байгуулсан тунхаг бичиг тус болох аж.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийхээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Орос улсыг зорьж байгаа юм. Японы Ерөнхий сайд хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах, тэр дундаа ОХУ-ын мэдэлд байгаа дөрвөн арлын маргааныг зохицуулах тухай асуудлаар хэлэлцэхэд гол анхаарлаа хандуулах юм.

Холбоотой мэдээ