Өнгөрсөн жил тохирлын баталгаажуулалтад 24 сумын 460 аж ахуйн нэгж хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-22 23:23:26

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс 2018 оныхоо үйл ажиллагааны тайланг иргэддээ тавьж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус хэлтэс нь Монгол улсад Хэмжилзүйн байгууллага үүсч хөгжсөний 95, Стандартчиллын байгууллага үүсч хөгжсөний 65, Сорьцын хяналтын байгууллага үүсч хөгжсөний 55 жилийн ойг угтаж, 2018 онд ажиллагсдын бүтээлч санал санаачлагыг өрнүүлэх, сэдэлжүүлэх зорилгоор Монгол Улсын Стандарт Хэмжил зүйн газраас “Эрх зүйн шинэчлэл Манлайлал”, тус хэлтсээс “Шинээр сэтгэж бүтээлчээр ажиллая” уриатайгаар амжилттай ажиллажээ. Ингээд Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Г.Цэцгээтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

 -Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе? Аймгийн Стандарт Хэмжил зүйн хэлтэс яг ямар зорилго, чиглэлтэй үйл ажиллагааг явуулдаг байгууллага вэ?

-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, аймгийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг стандартчилал, баталгаажуулалт, хэмжил зүйн бодлогоор дэмжин ажиллахад чиглэсэн  зорилго, зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж ажилладаг байгууллага юм.

Манай байгууллага мэдээллийг ил тод байлгахыг хүсдэг. Тиймээс ч Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль, “Хэрэглэгчдийн эрх хамгаалах тухай хууль” тэдгээртэй холбогдон гарсан тогтоол, дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинээр батлагдсан, шинэчлэгдэн нэмэлт өөрчлөлт орсон үндэсний стандартын талаарх мэдээллийг байгууллагынхаа “Завхан стандарт хэмжил зүйн хэлтэс” нэртэй facebook хуудсаар дамжуулан тухай бүр мэдээлж,  байгууллага, ААН иргэдэд холбогдох стандартуудыг түгээж лавлагаа, мэдээлэл өгч ажилласан байгаа. 2018 онд стандартын салбар сангаар  51 байгууллага ААН-ийг 25 төрлийн 134 стандартаар хангаж, улсын  төсөвт 1456730 төгрөгийн орлого төвлөрүүллээ. Мөн стандартын лавлагаа, мэдээллийг нийт 1120 гаруй иргэнд өгсөн байна.

-Өнгөрсөн жил танай байгууллага “Стандарттай Завхан” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажилласан тухай мэдээллээ. Тэгэхээр энэ хөтөлбөр ямар зорилготой, хөтөлбөрийн үр дүн гарсан уу тодруулж хэлбэл?

-Стандарттай Завхан хөтөлбөрт тусгагдсан төрийн байгууллагуудын баримт бичгийн стандарт (MNS5140-1:2011 MNS5140-2:2011 MNS5140-3:2011)-ын хэрэгжилтийг сайжруулах зорилттой ажилласан байгаа. Энэ хүрээнд аймгийн 23 сумын төрийн  34 байгууллагыг  баримт бичгийн стандартуудаар ханган, мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Ингэснээр төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчид стандартын шаардлага хангасан баримт бичиг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэглэж гарын авлага болгон ашиглаж байна. Ер нь төрийн баримт бичиг өөрийн гэсэн стандартын дагуу бичилт хийгддэг, хадгалагддаг журамтай. Тэгэхээр энэхүү бичиг баримтыг стандартын дагуу, эмх цэгцтэй болгох нь л хөтөлбөрийн гол зорилго юм. Ер нь хөтөлбөрийн үр дүн гарсан байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Идэр, Тэлмэн, Их-Уул, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон, Алдархаан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал Эрдэнэхайрхан, Яруу, Цэцэн-Уул,  Сантмаргац, Сонгино, Баянтэс, Тэс, Асгат, Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, сумдын 120 гаруй төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж иргэн,  худалдаа үйлчилгээ эрхлэгч 1060 орчим хүнд “Стандарттай Завхан” хөтөлбөрт тусгагдсан Удирдахуй+Стандарт=”Завханы хөгжил” гэсэн нэртэй зөвлөгөөн, сургалтыг зохион байгуулж зөвлөмжийг зохион байгуулж хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч хэвлэмэл хуудас, гарын авлага материалаар хангаж зөвлөмж өгсөн байгаа. Мөн аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамтран  үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2011 стандартыг шинэчлэхтэй холбоотойгоор тус стандартын танилцуулгыг хийж, ЗДТГ-ын  Нийгмийн бодлогын хэлтэс,  ЭМГ, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Статистикийн хэлтэс, аймгийн МСУХ-ны гишүүд, холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан мэдээлэл цуглуулах асуумж авах, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцсэн байгаа.

-Өөр салбар, үйлчилгээний стандарт шинэчлэгдсэн юм болов уу? Тухайлбал барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад стандарт гэж бий юу? Энэ талаар иргэд их сонирхдог. Тодруулбал?

 -Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар тогтоолоор батласан Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны стандарт гэж бий. Энэхүү стандарт нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй үйлчилж эхэлсэн. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газрууд нь энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө. Энэхүү стандартын зорилго нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг тодорхойлоход оршидог. Энэхүү стандарт нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарна. Мөн энэ стандартыг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд нь заавал мөрдөнө. Энэ стандартыг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавихад үндэслэл болгож ашигладаг.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэдэг нь харилцагчид хоорондоо тохиролцон тодорхой хугацаа зааж гэрээний үндсэн дээр зээлдэгч нь хөдлөх эд хөрөнгөө үнэлэн барьцаанд тавьж, зээлдүүлэгч нь бэлэн мөнгө зээлдүүлэх үйлчилгээг хэлдэг. Зээлдүүлэгч гэж гэрээний үндсэн дээр хүүтэй мөнгө зээлдүүлэх хуулийн хуулийн этгээд болохыг нотлох албан ѐсны хүчин төгөлдөр хуульд нийцсэн бичиг баримттай, тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа эрхлэн явуулахыг зөвшөөрсөн этгээдийг хэлнэ гэж энэ стандартад заасан байдаг. Харин зээлдэгч нь гэрээний үндсэн дээр эдийн хөрөнгөө үнэлэн барьцаанд тавьж мөнгө зээлдэх иргэний эрх зүйн бүрэн чадамжтай 18-аас дээш настай, тухайн иргэн болохыг нотлох иргэний үнэмлэх, нотлох баримттай иргэн, хуулийн этгээдийг хэлнэ. Мөн энэ стандартад зааснаар үйлчилгээний газраас олгох зээлийн гэрээг заавал бичгээр хийнэ. Барьцаанд тавьж байгаа үнэт зүйлс (алт, мөнгөн эдлэл, телевизор, компьютер, гар утас, төрөл бүрийн цахилгаан бараа г.м) гэр ахуйн болон өөрийн эдэлж хэрэглэдэг эд хөрөнгийн эзэмшигч нь болох нотлогоог гэрээнд заавал тусгана. Талууд тохиролцож барьцааны эд хөрөнгөд заавал анхны үнэлгээ хийнэ гэж тус тус заасан байдаг. Мөн зээлдүүлэгч нь гэрээнд заасан үүргийн хугацаа дуусмагц, энэ тухай анхааруулан мэдэгдэх /шуудангаар, утсаар ярих, мессеж илгээх, цахим шуудан г.м/ хоорондын харилцах хэлбэр нөхцлийг сонгож, түүнийг хүлээн зөвшөөрөх утгыг гэрээнд заавал дурдана гэж заасан байдаг. Түүнчлэн барьцаанд автомашин авсан бол зөвшөөрөгдсөн талбай, зориулалтын гараашид хадгалах болон холбогдох нөхцлийг гэрээнд тусгана. Барьцааны автомашины улсын бүртгэлийн дугаар, арлын дугаар, спидометрийн заалтыг гэрээнд тодорхой бичсэн байна. Үйлчилгээний газар нь зээлдүүлэгч болон зээлдэгч талуудын харилцааг зохицуулах хуульд нийцсэн “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журам”-тай байна гэхчлэн тусгай заасан стандарт байдаг.

-Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд хориглосон зүйл байдаг уу?

-Тэгэлгүй яахав. Мэдээж үйлчилгээнд хориглох зүйлс бий. Тухайлбал энэ стандартын 7.1-д иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй, 18 насанд хүрээгүй иргэнээс барьцаа авч мөнгө зээлдүүлэх. 7.2-д мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэнээс барьцаа авч мөнгө зээлдүүлэхийг хориглодог. Мөн бусдын бичиг баримтаар үйлчлэх. Гэрээний эрх, үүргийг танилцуулахгүйгээр хууран мэхлэх, төөрөгдүүлэх, шууд тулган гэрээ хийж баталгаажуулах. Барьцаалах эд зүйлсэд бүх төрлийн галт зэвсэг хэрэгсэл, сум, тэсэрч дэлбэрэх зүйл, түргэн шатах эд зүйл, хортой болон химийн бодис, эм, хүнсний бүтээгдэхүүн, иргэний үнэмлэх, албаны баримт бичиг, жолооны үнэмлэх болон гадаад паспорт хүлээн авах. Орон сууц, хашаа байшин, газар /үл хөдлөх хөрөнгө/ барьцаалан зээл олгох. MNS 5274 : 2017 стандартаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг тухайн орон нутгийн 22 цагаас дараа өдрийн 06 цаг хүртэлх шөнийн цагаар ажиллуулах. Зээлдүүлэгч нь барьцаанд тавигдсан эд хөрөнгийг гэрээний хугацаанд дур мэдэн захиран зарцуулах, аливаа хэлбэрээр хэрэглэж ашиглахыг хориглодог. Тэрч бүү хэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газар нь хүнсний дэлгүүр болон согтууруулах ундааны борлуулалт, үйлчилгээ явуулж буй эзэмшил талбайд байрлах болон үйл ажиллагаа эрхлэн явуулахыг хориглодог.

–Өнгөрсөн жил "Сэрэмжилье-нэгдье" арга хэмжээг танай байгууллагаас зохион байгуулсан. Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд стандартаа мөрдөж ажиллаж чаддаг уу?

-Өнгөрсөн жил манай байгууллагаас "Сэрэмжилье-нэгдье" арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газартай хамтран баталсан удирдамжийн дагуу Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй "Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны стандарт /MNS-5274-2017/-ын хэрэгжилтийг шалгаж, дүнгийн хурлыг хийж тодорхой байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн байгаа. Хяналт шалгалтын явцын мэдээлэл хийж, илэрсэн зөрчил дутагдлыг засуулах чиглэлээр зааварчилж, зарим байгууллагуудад мэдэгдэл ч хүргүүлсэн. Энэ хяналт шалгалтад зургаан аж ахуйн нэгжийн 10 барьцаалан зээлдүүлэх газар /ломбард/ хамрагдаж тэднийг стандартаар хангалаа. Ер нь бол аж ахуйн нэгжүүд стандартаа мөрдөж ажиллаж байсан. Зарим газрууд нь стандартын талаарх ойлголтгүй байсныг зөвлөмж хүргүүлсэн байгаа. Мөн 23 сумын 960 гаруй худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон цэцэрлэг, сургуулийн тогооч, төрийн албан хаагч, бичиг хэргийн ажилтнууд, төрийн албан хаагчдад Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, Худалдааны газар түүний үйлчилгээ MNS 5021:2005, Хоолны газрын ангилал зэрэглэл MNS 4946, Зохион байгуулалт захирамжлалын Баримт бичиг MNS 5140-1,2,3 стандартуудыг сурталчлан сургалт зохион байгуулсан.

-Өнгөрсөн жил тохирлын үнэлгээ баталгаажуулалтанд аймгийн хэмжээнд хэчнээн аж ахуйн нэгж хамрагдсан бэ?

-Бид өнгөрсөн жил тохирлын үнэлгээ, баталгаажуулалтанд хамрагдах бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний судалгаа, график төлөвлөгөөг шинэчлэн гаргаж, баталгаажуулалтын ажлын хамрах хүрээг өргөжүүлэх, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд нь тохирлын баталгаажуулалтаар дэмжлэг үзүүлэхэд ажлаа чиглүүлж ажилласан. Тохирлын  баталгаажуулалтыг“Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль болон Засгийн газрын 291-р тогтоол бусад хууль эрх зүйн баримт бичгийг үндэслэн аймгийн 24 сумын худалдаа, үйлдвэрлэл,  үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайн дурын болон заавал баталгаажуулалтанд хамруулж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээтэй холбоотой чанар хангалтын талаар арга зүйгээр хангаж ажилласан байгаа. Өнгөрсөн жил тохирлын баталгаажуулалтанд аймгийн 24 сумын 460 аж ахуйн нэгж хамрагдаж тохирлын баталгаажуулалтаар 12000,0 мянган төгрөгийн орлого оруулж орлогын төлөвлөгөөг 139 хувиар биелүүлсэн байгаа. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн сорилтын лабораторитой гэрээ байгуулан тохирлын тогтвортой байдалд хяналт тавин зургаан аж ахуйн нэгжийн 13 бүтээгдэхүүнээс дээж авч 54 үзүүлэлтээр хими хор судлал, нян судлалын лабораторид шинжлүүлж дүгнэлт гаргасан байна.

-Аймгийн баталгаажуулалтын зөвлөл гэж бий. Энэ зөвлөл өнгөрсөн онд хэрхэн ажиллав?

-Аймгийн баталгаажуулалтын зөвлөл өнгөрсөн жил долоон удаа, салбар зөвлөл 24 суманд тус тус нэг удаа хуралдаж тохирлын үнэлгээний дүнтэй танилцаж, тохирлын гэрчилгээг шинээр болон сунгах шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал таван сумын 14 аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн 26 нэрийн бүтээгдэхүүн, 442 аж ахуйн нэгж, иргэний 9 нэр төрлийн 406 үйлчилгээний тохирлын гэрчилгээний эрхийн хугацааг сунгаж, 36 үйлчилгээнд шинээр тохирлын гэрчилгээ олгох шийдвэр гаргасан байна. Үүнээс гурван аж ахуйн нэгжийн гурван нэр төрлийн үйлчилгээ сайн дурын баталгаажуулалтанд хамрагджээ. /барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, хувцас захиалга, засварын үйлчилгээ, цахим тоглоомын газар гм/. 2018 оны тохирлын баталгаажуулалтыг 2017 онтой харьцуулахад бүтээгдэхүүний баталгаажуулалт гурван хувь, үйлчилгээний баталгаажуулалтын нэр төрөл нэгээр нэмэгдэж, орлогын төлөвлөгөө 139 хувь биелсэн байна.

 -Манай аймагт үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхтэй бүтээгдэхүүнүүд бий юу?

-Тиймээ бий. Монгол улсын үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхтэй дөрвөн аж ахуйн нэгжийн 12 бүтээгдэхүүн байдаг. Эдгээр бүтээгдэхүүний тохирлын тогтвортой байдалд хяналт тавьж, бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгод заавар, зөвлөгөө өгч ажилласан байгаа. Үүний үр дүнд үндэсний тохирлын тэмдэг эрх авсан бүтээгдэхүүний тохирлын тогтвортой байдал хангагдаж, орон нутгийн  үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар сайжирч, өрсөлдөх чадварыг  нэмэгдүүлэх зорилт биеллээ олж байна. Мөн чанарын менежментийн  тогтолцооны тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх баримт бичгүүдэд шүүлт хийж шинэчлэн сайжруулах, ISO 9001:2016 стандарт руу шилжих ажлын төлөвлөгөө боловсруулан үе шаттай ажлууд хийгдэж байна. Төлөвлөгөөний хэрэгжилт 45 хувьтай байна. Олон улсын итгэмжлэл бүхий менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллага болох “Монсертф” ХХК-тай хамтран аж ахуйн нэгж байгууллагуудад дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх  зорилгоор ISO 9001,  ISO 14001, OHSAS 18001, ISO 22000 Менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг нэвтрүүлэх арга, аргачлалын сургалтыг аймагтаа амжилттай зохион байгуулсан. Энэ сургалтанд аймгийн  32 аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтан, ахлах мэргэжилтэн, чанарын менежер 100 гаруй хүн оролцлоо. Мөн энэ үеэр “Чанар эрхэмлэгч” дөрвөн аж ахуйн нэгжид  менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгсөн.

-Стандартын газраас үйлчилгээнд хэрэглэж байгаа хэмжүүрийг баталгаажуулдаг байгаа?

-Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйн лаборатори нь “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, “Хэмжих хэрэгсэлд улсын баталгаажуулалт хийх журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн 2018 оны хэмжих хэрэгсэлд улсын баталгаажуулалт хийх гэрээг 26 аж ахуйн нэгж, байгууллагатай хийсэн байна. Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын ажлыг СХЗГ–аас олгосон итгэмжлэлийн хүрээнд мөрдөх стандартын дагуу хэмжлийн таван төрлөөр хэрэгжүүлжээ. Эталон тоног төхөөрөмж баталгаажуулах 2018 оны гэрээг СХЗГ-ын  хэмжил зүйн бодлого эталоны газартай байгуулан 18 эталон төхөөрөмжийг ээлжит баталгаажуулалтанд хамруулсан байна. Үүнд: цулын хэмжлээр дөрөв, цахилгаан гурав, эзэлхүүн багтаамж 9, даралт хоёр, термометр гурав тус тус хамрагдсан байна. Мөн хэмжил зүйн лабораторийн тэмдэг, улсын шалгагчдын  үнэмлэх, лац зэргийг шинэчлүүлэн авч үйл ажиллагаандаа ашигласан байна. Хэмжил зүйн лаборатори нь СХЗГазар, “АУЭХС” ТӨХК Завхан салбар, Нэгдсэн эмнэлэг, НИК петровис ХХК, Магнай трейд ХХК, Шунхлай ХХК, Ундарга петролиум ХХК-уудтай хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, шалгалт тохируулга хийх гэрээ байгуулан ажилладаг. Үүний хүрээнд цахилгаан хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлын чиглэлээр Улиастай, Их-Уул, Нөмрөг, Баянхайрхан, Баянтэс, Асгат сумдын 1053 айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хэмжих хэрэгслийг баталгаажуулж, 6310.9 мян/төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Температурын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлын чиглэлээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, То Да От ХХК, Уулс дөл ХХК, Илч дөл ХХК, Ундрах ХХК, 7-р цэцэрлэг, Доной нисэх, ХХААГазар, Сан Мин ХХК-ууд болон Сант, Цагаанчулуут, Дөрвөлжин, Асгат, Алдархаан, Баянтэс, Тосонцэнгэл, Сонгино, Нөмрөг сумдын эрүүл мэндийн төвүүдийн 54 ширхэг хэмжих хэрэгсэл баталгаажуулалтанд хамруулан 886,2 мян/төгрөгний ажил гүйцэтгэж улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

-Шатахуун түгээх станцуудын хэмжих хэрэгслийг баталгаажуулав уу?

-Тэгэлгүй яахав. Мэдээж эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлын чиглэлээр жил бүр баталгаажуулалт хийгддэг. Өнгөрсөн 2018 онд ээлжит баталгаажуулалтанд 24 сумын хэмжээнд Завхан НИК салбарын 27, “Магнай трейд” ХХК-ийн долоо, “Шунхлай” ХХК-ийн тав, “Тэс петролиум” ХХК-ийн гурав, “Хөрс автосервис” ХХК-ийн хоёр, “Ундарга петролиум”-ийн хоёр, хувийн 9 шатахуун түгээх станц болон “Дашваанжил” ХХК зэрэг ААН байгууллагуудыг баталгаажуулалтанд хамрууллаа. Тухайлбал А-80 хошуу 107 ширхэг, ДТ хошуу 113 ширхэг, АИ-92 хошуу 87 ширхэг, АИ-95 хошуу найман ширхэг, хийн хошуу 10 ширхэг гэхчлэн 9 нэр төрлийн 365  хэмжүүр хэмжих хэрэгсэл баталгаажуулан 5398,0 мян/төг-ийг улсын төсвийн  орлогод  төвлөрүүлсэн байна.

-Танд баярлалаа. Та бид хоёрын яриа их нуршиж байх шиг байна. Мэдээж Стандарт Хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагааг энд бүрэн багтаана гэвэл цаг хүрэхгүй байх. Тэгэхээр яагаад заавал стандарт хэрэгтэй юм бол. Стандартгүй бол юу болох бол?
-Мэдээж үйлдвэрлэл, худалдаанд эмх замбараагүй олон, өөр өөр шаардлагууд бий болж, бүтээгдэхүүний  харилцан  ололт, нэгдмэл байдал, аюулгүй байдал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд маш төвөгтэй болно.  Энэ олон эмх замбараагүй шаардлагуудыг цэгцэлж, стандартын баримт бичиг болгон батлуулж, мөрдсөнөөр үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаан дахь саад тотгор багасана. 
Завхан аймаг 10-р сарын 14-ны өдөр буюу дэлхийн стандартын өдөрт зориулан иргэдэд нээлттэй ажилласан. Энэ үеэр иргэд аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн үйлчилгээний танхимаас стандарттай хэрхэн танилцах вэ?стандартаа түлхүүр үгээр, стандартын ангилалтын кодоор, дугаараар хайлт хийж, бүрэн эхээр нь үзэж танилцаж иргэд мэдээлэл авсан байна. Түүнчлэн зарим аж ахуйн нэгж байгууллагуудыг урамшуулсан байна. Дэлхийн стандартын  өдрийг дэлхий нийтээрээ жил бүрийн 10-р сарын 14-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь ихээхэн үүрэг үзүүлж байгааг онцлон үзэж, ач холбогдолыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвжүүлэх зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм.  Дэлхийн стандартын өдөр-ийг олон улсын стандартчиллын байгууллага (ISO, IEC, ITU)-уудаас жил бүр онцгойлсон уриан дор тэмдэглэдэг бөгөөд 2018 онд Олон улсын стандарт ба Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэсэн уриатайгаар тэмдэглэж өнгөрүүлсэн байна. Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт стандартчиллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх, үйл ажиллагааг нь сурталчлах, дэмжих өдөр болдог. Ер нь стандарт нь мэргэшсэн мэдлэг арга туршлагыг агуулж бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, бүтээмжийн чанар,технологиудын харилцан уялдааг хангаж, хэрэглэгчийг хамгийн сайн, боломжтой шийдлийг харьцуулж сонголт хийхэд тусалдаг. Түүнчлэн стандарт нь бүтээгдэхүүн үйлчилгээний арвин их сонголт хийх үүд хаалгыг нээж, өрсөлдөөн өрнүүлж инновацийг дэмжихэд тусалдаг. Иймээс аливаа бизнесийн санаагаа хэрэгжүүлэхийн өмнө холбогдох стандартыг судлах нь учирч болох олон эрсдлээс хамгаалах ач холбогдолтой байдаг юм.

-Танд баярлалаа.

                  

Холбоотой мэдээ