М.Мөнхмандах: Зөрчлийн хуулийн 6.21 нь олон улсын эрх зүйн зохицуулалтыг зөрчиж байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-21 13:24:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйл нь иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж байгаа тул Хэвлэл мэдээллийн байгууллагууд эл хуулийн заалтыг өөрчлөхийг ХЗДХЯ-наас шаардан зөвлөмж хүргэхээр болсон талаар мэдээлэв.

Жил гаруй хугацаанд сэтгүүлч, хуульчид хэлэлцүүлэг өрнүүлж Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалт сэтгүүлчийн эрх чөлөөг эдийн засгаар боомилж буй талаар  санал нэгдэн, тус хуульд өөрчлөлт оруулах тухай зөвлөмж боловсруулжээ. Тус зөвлөмжид МСНЭ, МҮОНРТ, Монголын хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэшнл болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл гарын үсгээр баталгаажуулан ирэх даваа гарагт ХЗДХЯ-нд хүргэхээр болсон байна.



Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах,өрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйл нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бусдын нэр төр, алдар хүндийг хамгаалах үндэслэлээр хязгаарлах дотоодын болон олон улсын эрх зүйн зохицуулалтын хэд хэдэн зарчмыг зөрчиж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улстөрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой тайлбар, зөвлөмж гаргасан байдаг. Үүнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах шаардлага, шалтгааныг тодорхойлохдоо дараах зарчмыг баримтлахыг зөвлөсөн байдаг.  

  • Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах шалтгааныг нягт, нямбай бөгөөд ойлгомжтой тодорхойлсон байх,
  • Тодорхойлсон хязгаарлалтыг улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхлоос хараат бус этгээд хянан хэрэгжүүлэх ёстой. Тийнхүү хэрэгжүүлэхэд дур зоргоор, үзэмжээр шийдвэрлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй, хуулийн зүйл заалтыг урвуулан ашиглахгүй байхыг баталгаажуулах,
  • Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой эрх зүйн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд оноосон шийтгэл нь хамгаалж буй эрх ашиг, учруулсан хохирол болон гарч болзошгүй үр дагаварыг харгалзсан, зохистой байх гэж заасан.
  • Монгол Улсын Засгийн газар дээрх зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүрэг, амлалт авч 2015 оны 9 дүгээр сард хүлээн авч 2016 оны 4 дүгээр сарын 11-нд Ерөнхий төлөвлөгөө батлах тухай 204 дүгээр тогтоолоор баталгаажуулсан.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 6.21-т гүтгэх, доромжлох гэдэг олон улсын эрх зүйн хувьд тусад нь авч үздэг зүйл заалтыг нэг өгүүлбэрт "гутаан доромжилсон, худал мэдээлэл" гэж оруулсан.

Гүтгэлгийг зөрчил хэмээн үзэж шалган шийдвэрлэх ажиллагааг цагдаагийн эрх бүхий албан хаагч тухайн асуудлыг үзэмжээр, дур зоргоор шийдвэрлэх, ялгаварлан гадуурхах боломжийг нээлттэй болгож буйгаас гадна "улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхлоос хараат бус этгээд хянан шийдвэрлэх тухай" олон улсын хэм хэмжээ, зөвлөмжийг зөрчиж байгаа юм. Тиймээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний нийгмийн зүтгэлтнүүд шийтгүүлнэ гэх аливаа айдасгүйгээр үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломжийг олон улсын хэм хэмжээний дагуу хангахыг шаардаж байгаа" гэв.

Түүнчлэн зөрчлийн хуулиар шийтгэл оноохдоо хамгаалж буй эрх ашиг, учруулсан хохирол болон гарч болзошгүй үр дагаварыг харгалзсан, зохистой байх тухай олон улсын зарчмыг хэрэгсэхгүйгээр шууд тогтсон дүнгээр мөнгөн торгууль оноож буй нь шударга ёсонд харш, хүний эрхийг хязгаарлах зайлшгүй үндэслэл, шаардлагад нийцэхгүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөх үр дагаварыг харгалзах олон улсын хэм хэмжээг зөрчиж байгаа талаар онцолж байв.

2017 оны 7 дугаар сарын 1 хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуульд гүтгэх доромжлох зүйл анги нь тусдаа байсан бөгөөд хүний нэр төрийг гутаасан хэргийг Эрүүгийн хуулиар , бусад маргааныг иргэний хуулиар шийддэг байв.Гэтэл энэ хуулиас гүтгэх, доромжлох зүйл заалтыг авч Зөрчлийн хуульд оруулахдаа гүтгэх гэсэн эрх зүйн үндсэн ойлголтыг бүрхэгдүүлж, хүрээг нь тэлсэн. Иймд ХЗДХЯ-нд хүргэж буй зөвлөмжид тус хуулийн заалтыг хүчингүй болгож, иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах асуудлыг илүү нарийвчлан тодорхойлж Иргэний хуулиар шийддэг болохыг санал болгож байгаа аж.ЦЕГ-ын мэдээлснээр энэ оны эхний 10 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу гүтгэх зөрчлөөр 374 зөрчил бүртгэж, 57 хүн, 2 хуулийн этгээдийг 118 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Холбоотой мэдээ