Хятадын ДНБ энэ жил 6.5-7 хувиар өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-05 13:05:53

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ жил 6.5-7 хувиар өснө гэж тус улсын Засгийн газрын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ жил тутмын чуулганд танилцуулсан тайланд мэдээлжээ.

“2016 онд Хятадын эдийн засгийн өсөлт 6.5-7 хувьтай байна” гэж уг баримт бичигт дурдсан байна. “Ажил эрхлэлтийн түвшнийг тогтвортой байлгах, хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэх нь тогтвортой өсөлтийг хангах гол зорилго юм” гэж тайланд тэмдэглэжээ. “Энэ жилийн зорилтот үзүүлэлт нь Хятадын дундаж чинээлэг нийгмийг бий болгох төлөвлөгөөг хэрэжүүлж дуусгахад нийцэж байгаа бөгөөд бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх нь чухал болохыг харгалзан үзсэн” гэж баримт бичигт цохон тэмдэглэжээ.

13 дугаар таван жилийн /2016-2020/ төлөвлөгөөг хэрэжүүлэх явцад Хятадын ДНБ-ий жилийн дундаж үзүүлэлт 6.5 хувиас доош буурахгүй гэж тус улсын Засгийн газар урьдчилан таамаглаж байна. Үүнээс харахад шинэ таван жилийн эцэс гэхэд Хятадын ДНБ ойролцоогоор 90 их наяд юаньд /13.8 их наяд доллар/ хүрнэ.

Хятадын үндэсний эдийн засгийн өсөлтийн хурдац аажмаар удааширч байгаа юм. 2010 онд энэ үзүүлэлт 10.4 хувь, 2011 онд 9.2 хувийн түвшинд байсан бол 2012 онд 7.8 хувьтай байв. 2013 оны дүнд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 7.7 хувь хүртэл удааширсан бол 2015 онд 6.9 хувийн үзүүлэлттэй гарсан билээ.

Төсвийн орлого

Хятадын Сангийн яамны тайланд дурдсанаар, тус улсын төсвийн орлогын өсөлтийн хурдац саарах төлөвтэй байна.

“Учир  нь Хятадын татварын орлогын гол эх үүсвэр нь эргэлтийн татвар бөгөөд эдийн засгийн засгийн өсөлтийн хурдац удааширч, үйлдвэрлэлийн үнийн идекс унасаар байгаатай холбоотойгоор төсвийн орлогын өсөлтийн хурдац ДНБ-ий өсөлтийн хурдацын уналтаас илүүтэй саарч байна. Үүнээс харахад 2016 онд санхүүгийн байдал илүү хүнд байх бол төсвийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэхэд маш хүчтэй дарамт ирэх төлөвтэй байна” гэж тайланд тэмдэглэжээ.

Төсвийн хомсдолын талаарх урьдчилсан таамаг

2016 онд Хятадын төсвийн хомсдол 2.18 их наяд юань /334 тэрбум доллар/ байна. Хятадын Сангийн яамны тайланд мэдээлснээр, энэ нь ДНБ-ий үзүүлэлтийн 3 хувьтай тэнцэх тоо аж.

“2016 онд санхүүгийн идэвхтэй бодлогыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Үүний гол зорилго нь татвар болон бэлэн мөнгөний хураамжийг эрс бууруулах юм” гэж тайланд дурджээ.

Хятадын Сангийн яамны урьдчилан таамаглаж байгаагаар, энэ жил аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдэд учрах татварын дарамт 500 тэрбум юаниар /76.64 тэрбум доллар/ буурна. Энэ дарамтыг үйлдвэр эрхлэлтийн үйл ажиллагааны татварыг нэмүү өртгийн татвараар сольж, захиргааны хураамжийг аажмаар цуцалж бууруулах аж.

Гол салбаруудын хөрөнгө оруулалт

Энэ жил хөдөө аж ахуйн салбараас бусад Хятадын гол салбаруудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 10.5 хувиар өсч, 60.95 их наяд юань /9.34 их наяд доллар/ болно гэж тус улсын Хөгжил, шинэчлэлийн хорооны БХАТИХ-ын чуулганд танилцуулсан тайлан мэдээнд дурджээ.  

“Эдийн засгийн гол салбаруудыг хөгжүүлэхэд хүчээ төвлөрүүлэх нь зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ жил Засгийн газар “улсын төсвийн хөрөнгө оруулалтыг цаашид оновчтой болгох”, хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн хөрөнгийг дэмжих болон хөрөнгө оруулагчдад Хятадын зах зээлийн нээлттэй байдлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж тайланд онцлон дурдсан байна.  

Дэд бүтцийн хөрөнгө оруулалт

Хятадын Сангийн яамны тайланд дурдсанаар, энэ жил тус улсын Засгийн газар дэд бүтцэд 500 тэрбум юанийн /76.64 тэрбум доллар/ хөрөнгө оруулах бөгөөд энэ нь 2015 оныхоос 4.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

“Дээрх мөнгийг олон нийтэд ашигтай объектуудын барилгын ажлыг дуусгахад зарцуулна. Томоохон объектуудын зардлыг бууруулахаар төлөвлөж байна” гэж тайланд тэмдэглэжээ. Түүнчлэн “ард түмний амьжиргааг дээшлүүлэх” зорилгоор “төсвийн зардлын бүтцийг оновчтой болгох нь” чухал болохыг цохон тэмдэглэсэн байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт

Хятадын санхүүгийн бус салбарт оруулах гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ жил 128 тэрбум долларт хүрнэ гэж Хөгжил, шинэчлэлийн хорооны тайланд мөн мэдээлжээ.

“Гадаадын хөрөнгө оруулалтыг татах түвшнийг нэмэгдүүлэх, санхүү, интернэт, боловсрол, ложистик, боловсруулах үйлдвэр, өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтын хувьд сөрөг жагсаалтыг шинэчлэх ажлыг урагшлуулах шаардлагатай байна” гэж баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна.

Инфляц

Энэ жил хэрэглээний үнийн өсөлтийн хурдац 3 хувьтай байна. “Хятад улс 2016 онд хэрэглээний үнийн өсөлтийн хурдацыг 3 хувьд тогтоон барихаар төлөвлөж байна” гэж баримт бичигт дурджээ.

Хятадын инфляцын түвшний гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индекс нь /CPI/ 2015 онд 1.4 хувиар өссөн юм. Харин 2014 онд 2 хувиар өссөн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ