Өнтэй өвөлжиж байгаа ч хавар хүчит тэжээл дутагдаж магадгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 09:32:23

/Сурвалжилсан тэмдэглэл/

Өвлийн сар дундаа орж, идэр ёсийн хүйтэн тачигнасан өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Засаг дарга хөдөөгийн малчдаараа орж ахуй амьдрал, болоод өвөлжилтийн байдал ямаршуухан байгаатай танилцахаар хүлгийн жолоо залсан юм.

Аймгийн даргын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Отгонжаргал, ХЗХ-ийн залуухан шинэ дарга Д.Ёндонжамц, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож явлаа. Бидний хөдөөд ажиллах аяны жолоо Цагааннуур сумын Тийрэг 3-р багаас эхэлсэн юм.

Малчдын зүгээс "энэ жилийн хувьд Сэлэнгэ аймаг цас ихтэй байгаа ч одоогоор малын бэлчээрлэлтэнд хүндэрсэн зүйл огт гараагүй, тайван, өвөлжилт өнтэй байна” хэмээн аймгийн даргатай хуучилж байв. Өвс ногоо оройтож ургасан дээр нь эрт хатаж борогшсон болохоор  малд идэш болоод байх өвс муутай байгааг ч онцолж байлаа. Малчид маань малын идэш тэжээл, өвсөө гайгүй сайн нөөцөлж авчээ. Харин хавартаа цас их орж, шуурах юм бол цас хатуурч, малын бэлчээрлэлтэнд хүндэрч болзошгүй хэмээн аймгийн даргад ярьж байлаа. Тэдэнд өнөөдөр тулгамдсан асуудал бол өвөлжөөндөө худагтай болох, малчдын тэтгэврийн насыг ойртуулж өгөх, хавартаа хүчит тэжээл дутагдаж болох магадлал өндөр байгаа зэргийг хэлж байлаа. Аймгийн удирдлага худаг усны асуудлыг шийдвэрлэж өгөх, өвс тэжээлийн захиалгаа сумынхаа холбогдох албан тушаалтнаар дамжуулан аймгийн нөөцөөс авч өгч болно хэмээн хариулт өгч байв.

Малчдад худаг хэрэгтэй байна

Цагааннуур сумын “Тийрэг”-ийн 3-р багт Увс аймгийн Зүүнговь сумаас ирсэн 10 гаруй малчин өрх амьдарч байгаа аж. Тэд нутгаа орхин нүүдэллэж, Сэлэнгэ сайхан нутгийг тэр дундаа өгөөж баян Цагааннуур сумыг сонгон ах дүүсээрээ ирээд 10 гаруй жил болж байгаа гэнэ. Сэлэнгэ нутаг сайхан гэж дуулаад юугаа ч мэдэхгүй сурагласаар яваад л энэ нутагт ирсэн хэмээн тэдний хамгийн ахмад, буурай өгүүлсэн юм. Араас нь Булганд суурьшиж байсан нутгийн хүмүүс нь ч тэднийгээ бараадан ирсэн байна. Тийрэг багт цас ихтэй байгаа ч өвөлжөө тавтай, мал тарган, тогтуун сайхан байлаа. Малчдаас аймгийн даргад хэд хэдэн санал тавьсан. Үүнд малын гаралтай түүхий эдийг гадаадад шууд гаргах, амралт,  хагас, бүтэн сайн өдөр гэж байдаггүй, цаг наргүй ажилладаг малчдын хөдөлмөрийг харгалзан үзэж малчдын тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг наашлуулж өгөх, мөн зарим урамшууллын асуудлыг хөндөн тавьсан юм.

Малчдын асуусан асуултанд аймгийн дарга, ”Аймгийн зүгээс өнгөрсөн онд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлд гаргах, Сэлэнгэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрсдөө худалдаж авья гэсэн зорилгоор хэд хэдэн удаа томоохон үзэсгэлэн худалдаануудыг зохион байгуулсан. Хөрш хоёр улсынхаа гадаад зах зээл рүү хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг гаргахаар ярьж тохирсон. Энд дотоод хүчин зүйл их нөлөөлж байна. Тухайлбал төсвийн тухай хууль гарсанаар аймгийн даргын мэдэлд байсан олон эрх хасагдсан. Хуучин аймгийн дарга шууд яриад л ОХУ-ын Буриад улстайгаа гэрээ байгуулаад шийддэг байсан. Гэтэл одоо болохгүй болсон. Харин аймгийн даргын зүгээс эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөөд компаниуд өөрсдөө шууд гэрээ хийдэг болсон. Манай аймгийн зүгээс Буриад улстай бага хэмжээгээр мах гарахаар тохирсон байгаа. Энд хонь, үхэр, адууны махыг 10000 тонныг гаргана. Гэхдээ энэ ажил маань их нарийн шалгуурыг давж байж, Олон улсын хэмжээнд баримталдаг журмын дагуу хийгддэг юм. Тухайлбал тухайн орон нутагт малын халдварт өвчин гарсан эсэхийг үздэг юм байна. Одоогоор бид яараагүй байна. Орос улсад рубль, манайд махны үнэ  унасан байна. Иймээс жаахан хүлээзнэж байгаа. Мөн малыг хөлөөр нь гаргах асуудлыг хоёр улсын Засгийн газар тохирсон байгаа. Аймгийн зүгээс өөрөө шууд хийж болох эрх зүй хаалттай байна. Зөвхөн гэрээ байгуулаад л өгөх үүргийг хүлээж байна. Нөгөө талаас УИХ дээр тэтгэврийн асуудал яригдаж байгаа. Малчдын ажилласан нэг жилийг 1.2 жилээр тооцно гэсэн хувилбараар хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Энэ төсөлтэй бид санал нэгтэй байгаа. Манай гишүүд ч энэ хувилбарыг дэмжиж байгаа.  Малчид та бүхний хувьд цаашид боломж их бий. Тухайлбал Турк улсаас манай аймагтаа хамтарч ажиллах санал тавьсан. Энд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, арьс ширийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг үйлдвэр байгуулах талаар. Энд малаас юу ч хаяхгүйгээр бүхнийг нь ашиглах үйлдвэр юм. Энэ үйлдвэрийг ажиллуулахад малчид хоршиж ажиллах үүрэгтэй. Иймээс та нарын хувьд хөрзөнгөө хамтраад авч байгаа юм чинь энэ үйлдвэрийг байгуулахад болохгүй зүйл алга. Мөнгө байхгүй учраас үр тарианы урамшуулал одоогоор яригдаагүй. Ноосны урамшуулал өгнө. Харин арьс ширний урамшууллыг өгч байгаа” хэмээн аймгийн дарга тайлбар өглөө.  

 

Газар тариаланд харшлах, зэрлэг ургамал ургах асуудал үүсч байна

Цагааннуур сумын “ Тийрэг” 3-р багийн засаг дарга Б.Дамдинбазар, Энэ жил манай баг 43000 толгой мал тоолуулсан. Өнгөрсөн жил зуншлага тааруу байлаа. Одоогоор цас нимгэн боловч цаашдаа хөрлөж хатуурах шинжтэй байна. Манай энэ Тийрэгийн хөндий маань шуурга ихтэй газар. Багийн тухайд мал ихтэй, гаднаас нүүдэллэн ирэх малчин айл нэмэгдсэнээс бэлчээрийн даац маш их муудсан. Манай багийн хэмжээнд төвдөө 300, хөдөөд 140 гаруй малчин өрх байдаг. Нийт 1717 хүн амтай. Малчдын маань 130-аад өрх хөдөөд, 80 гаруй мал бүхий иргэд төвдөө амьдарч байна. Энэ жил манай нутгийн Далт, Баянхангай, Нүхтийн эхэнд арай  түрүүлж цас орсон. Зуншлага тааруу байснаас өвс тачир байна. Нийт багийн хэмжээнд 2600 тонн хадлан, 54 тонн хужир, шүү, 80 гаруй тонн үр тарианы хаягдал бэлтгэж авсан. Малчдын хувьд цаг агаарын мэдээгээ сонсоод тэжээлээ бэлтгэсэн байгаа. Энэ өвөлжилтийн байдал, зуны өвс ногооны ургалтын байдлаас шалтгаалаад хөр суугаад ирэхээрээ хавар хүндэрч болзошгүй. Иймээс бид аймгийн онцгой комиссоос мэдээлэл аваад малчдын байдалд судалгаа гаргасан. Малчдад шаардлагатай юу байгаа талаар  уулзаад санал авахад. Баянхангай, Далт, Нүхтийн чиглэлийн 40 гаруй айлаас мал төллөх үеэр хүчит тэжээл дутагдаж магадгүй гээд айл бүр дунджаар 4-5 шуудай нийт 200-гаад шуудай хүчит тэжээл авах захилгаа одоогоор өгөөд байна.  Манай багийн зүгээс малынхаа тоо толгойг цөөлж, чанаржуулах бодлого барьж байгаа. Манай сумын гол үйлдвэрлэл бол газар тариалан. Иймээс мал их болсноор газар тариаланд харшлах, зэрлэг ургамал ургах асуудал сүүлийн үед үүсээд байна. Бид тариагаа  ургуулж, гурилаа идэхийг л өмнөө тавьж байгаа шүү дээ хэмээн ярилаа.

Малчин хүн малаа эрүүл өвчингүй л байлгах хэрэгтэй

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчин, Улсын аварга, Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”, Цагааннуур сумын “Хүндэт тэмдэг”-ийн эзэн Б.Батаа гуайн хот айлд бид очлоо. Эднийх “Шош”-ын толгой гэдэг газар өвөлжиж байна.

Тэрээр:”Энэ жил сайхан дулаахан өвөл болж байна. Одоогийн байдлаар  мал суугаагүй, ядарч муудаагүй сайхан байна. Би 1975 оноос хойш 30 гаруй жил насаараа мал маллаж байна. Манайх Цагааннуур нутагтаа зундаа Шүрэнгийн голоо дагаж зусаад өвөлжөөндөө ордог. Газар тариалан ихтэй болохоор хавар энд удаан сууж болдоггүй. Манайх Хангай үүлдэрийн эрчимжсэн малтай. Сүүлийн үед хувийн мал ихдэж, бэлчээрийн даац хэтэрэх явдал гарч байна. Манай Цагааннуур чинь газар тариалангийн бүс нутаг. Иймээс газар тариалан нь хавчаад мал бэлчээрлэхэд их хүндрэлтэй болж байна. Энэ асуудал өмнө нь байдаггүй байлаа. Одоо гадна дотны мал ихэдсэнээс болж байна. Малчид маань хамгийн гол нь малаа олон болгох биш, чанаржуулах хэрэгтэй байгаа юм. Сайн үүлдрийн чанартай цөөн малаас ашиг гарах нь их шүү дээ. Ингэж мал ихэдсэн үед бэлчээр, уснаасаа эхлээд тун хэцүү болж байна. Энэ жилийн хувьд махны үнэ, түүхий эдийн үнэ маш их буурчлаа. Хүүтэйгээ нийлээд 100-аад толгой бог, 48 үхэр маллаж байна. Манайх Казакийн цагаан толгойт, Сэлэнгэ үүлдрийн малтай. Сүүлийн үед Франц гаралтай хар ангусыг өсгөж байна. Чанартай, үржил шим өндөр юм. Жирийн малтай адил тэжээл иднэ. Хариулга маллагаа адил. Амьдрах чадвар адил. Цөөхөн малаас өндөр ашиг гарч байна. Тугал нь гэхэд л том үхэр шиг харагдаж байгаа биздээ. Хамгийн гол нь малчин хүн малаа эрүүл өвчингүй л байлгах хэрэгтэй. Ийм байхад идэх ч зарахад ч хүндрэл гарахгүй. Вакцин туулгыг нь цаг тухайд нь хийлгэх хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс толгойн тоо хөөгөөд чанаргүй болгоод байна. Тэгээд нэг их малтай болчоод зарим нь түүнийгээ маллаж дийлэхгүй байна шүү дээ. Хүн авч маллуулаад хөлсийг нь өгч чадахгүй, малын боол болж байна хэмээлээ. 

Үе дамжсан залуу малчид сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа

Жавхлант сумын Моностой 2-р багийн Засаг дарга Ж.Хүрэлбаатар, Энэ жил манай багийн хэмжээнд 35739 толгой мал тоологдсон. Одоогоор цасны зузаан 15-20 см байна. Нягтрал бага байгаа болохоор хүндэрсэн асуудал гараагүй байна. Манай багт 198 малчин, мал бүхий өрх байдаг. Үүнээс 125 малчин өрх хөдөөд өвөлжиж байна. Манай малчид Ерөө голынхоо ард, урд Сөрт, Цагаандаваа, Баржгар гэдэг газруудад өвөлждөг. Энэ Сөртөд 8 айл, 3865 толгой мал өвөлжиж байгаа. Сөртөд цас их унадаг газар. Манай Моностой 2-р баг эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бодлогыг барин ажиллаж байгаа. Баг дээр битүү дулаан байр 3, мөн гурван фермер ажиллаж байна. Тухайлбал аймгийн шилдэг фермер М.Цолмон, Улсын сайн малчин Ч.Эрдэнэ, аймгийн сайн малчин П.Ганбат, мөн сумын сайн малчин 4 байна. Тэд маань алатау үүлдрийн эрчимжсэн мал аж ахуй өсгөх бодлогыг барьж байгаа. Манай баг залуу малчид олон бий. Сумын Залуучуудын холбооноос жил бүр сумын шилдэг залуу малчдаа шалгаруулдаг. Энэ жил Д.Сугар гэдэг залуу шалгарсан. Үе дамжих залуу малчид сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа хэмээн ярьсан юм. 

Хангай тайван байна

Жавхлант сумын иргэн, Улсын аварга малчин Ч.Эрдэнэ, Манайх энэ Сөртын аманд байнга өвөлждөг. Энэ жил өвс оройтож ургалаа. Цасны хувьд жалгандаа 35 см, тал газраа 10-15 см цасан бүрхүүл тогтсон байна. Одоогоор мал муудаж барьсан зүйлгүй, тарган тавтай сайхан өвөлжиж байна. Манай энэ аманд 10-аад малчин өвөлждөг. Манай энд усны асуудал их хүндрэлтэй байдаг. Энэ худгийн асуудлыг сумандаа болон аймагтаа тавьсан. Өнгөрсөн жил мөнгө сан нь бүрдсэнгүй. Энэ жилийн хувьд малчид өвс тааруу гарсан ч гэсэн тэжээлээ сайн бэлтгэж авсан. Одоогоор мал тэжээлд ороогүй болохоор хадгалаад л байна. Тарга хүчээр мал сайн байгаа. Манайх хүүгийнхээ хамтаар 400 гаруй толгой бог, 80 гаруй толгой бод маллаж байна. Бяруу тугалтайгаа нийлээд 120-иод үхэр байна. Бас 30-аад тооны адуутай. Энэ нутаг ерөнхийдөө цас нэлээд унадаг л юм. Гэхдээ сайхан зөөлөн байдаг. Цас хатуураад ирэхээр малын хөл халзраад ирдэг. Ингэх юм бол их хүнд болно. Энэ жил харьцангуй дулаан байна. Манай нутгаар Хангайн амьтан намуухан байна аа. Хангайн амьтан явдаг нэг явдаг үе байдаг юм. Яваад өнгөрсөн юм шиг байна. Хангай тайван байна гэдэг чинь бид дагаад тайван болдог. Иймэрхүү байдлаас болоод хонио малаа туугаад тавьчихдаг явдал гардаг. Иймээс хангай тайван байгаа нь дагаж тайвшрах биш, улам сэрэмжтэй байхыг сануулж байгаа хэрэг шүү дээ.

Сайн хүмүүсийн ач буянаар сайхан амьдарч байна

Жавхлант сумын, залуу малчин Ц.Хүрэлбаатар, Би 1987 онд 8-р анги төгсөөд мал маллаж эхэлсэн. Манайх 500 гаруй бог, 70 гаруй бодтой. Сэлэнгэ үүлдрийн угшлын хуц ухна, бух маллаж байна. Мал маллах сайхан. Мал дагавал ам тосдоно. Малчдын хөдөлмөр зуд турхан болсон үед хэцүү л дээ. Гэхдээ өөрсдөө сайн хичээгээд маллавал өнтэй давж болно. Манайх 3 хүүхэдтэй, сургуульд сурдаг. Энэ жил өвс муу оройтож ургасан учраас мал маань намар хожуу хүч тарга авлаа. Одоогоор тэжээлд орсон мал гараагүй байна. Бидний хөдөлмөр чинь жилийн 4 улиралд цаг наргүй л үргэлжилж байдаг. Энэ жил манайх 300 бог, 20-иод бод төллүүлнэ. Би 10 машин өвс, 30-аад уут халгай, гар тэжээл бэлтгэж авсан. Залуу хүн мал маллавал сайхан ш дээ. Санаа тайван амгалан. Одоо малчдад урамшуулал өгдөг болсон болохоор  улам л сайхан болж байна. Энэ жилийн хувьд мал махны үнэ унаад жаахан хүнд байна. Гэхдээ төрөөс малчдыг их харж ханддаг болсонд баяртай байгаа. Залуу хүмүүс ажилгүй бэлэн зүйлийг их хүсч байхаар мал малллах л хэрэгтэй. Өвөг дээдэс минь өвлүүлсэн энэ сайхан уламжлалт мал аж ахуйгаа залуус бид авч үлдэх ёстой л гэж би боддог. Би Увс аймгийн Давс сумын унаган иргэн. Сэлэнгэ сайхан нутагт хүрч ирээд 10 гаруй жил болж байна. Энэ сайхан аварга малчдаас их юм сурч сайн хүмүүсийн ач буянаар сайхан амьдарч байна гэлээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ