Ардын хувьсгалын 97 жил, Дархан-Уул аймаг байгуулагдсаны 57 жилийн баяр наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-07-11 00:12:52
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Дархан хот байгуулагдсаны 57 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлт энэ сарын 10-ны өдөр эхэллээ. Үндэсний их баяр наадмыг Дархан-Уул Засаг дарга С.Насанбат нээж, Дарханчууддаа баярын мэнд дэвшүүлсний дараа Дархан цэргийн хүрээний болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын ёслолын жагсаал боллоо.

Энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлтийн нэгэн онцлог нь ах дүү орнуудын эвийн хүч, эх орны өнцөг булан бүрээс илгээлтийн эздийн харуулсан тоглолтын хэсэг үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа.

Тодруулбал 1961-1970 онд "Дархан хот"-ыг бүтээн байгуулахаар газар газраас "Илгээлтийн эзэн" залуус зорин ирж их бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан нь Дарханчуудын бахархах нэгэн түүх. Их хотын түүхийн эхлэлийг харуулсан тухайн хэсэгт залуу төрийн албан хаагчид, бүжигчид оролцсон тоглосон  юм.

Түүнчлэн баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс, залуу төрийн албан хаагчид, Залуучууд театрын уран бүтээлчид, бүжгийн спортын үе үеийн төлөөллүүд хамтран урлагийн тоглолтыг шинэлэг байдлаар сонирхуулж, “Талст хүрд” клубын тамирчид, гишүүд мотоциклийн үзүүлбэр үзүүлж наадамчин олныг баясгасалаа.

Найрамдлаар овоглосон Дархан хотын үндэсний их баяр наадмын нэгээхэн хэсэг бол яахын аргагүй хүчит бөхчүүд байдаг. Энэ жил улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглож наадамчин олноо баясгаж байна.

Улсын начин С.Даваасамбуу тэргүүтэй аймгийн арслан 14, аймгийн заан 16, аймгийн харцага 8, аймгийн начин 15, сумын заан 108, сумын начин 35 бөхөөс гадна залуу бөхчүүд зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан барилдаж байна.

Жил бүрийн баяр наадмын үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээг чимж уран мэхийг уралдуулдаг эрхэм бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн аймгийн арслан Хашбаатарын Цагаанбаатар энэ жил мөн зодоглож наадамчин олноо баясгаж байна.

Энэ жилийн сурын харваа Үндэсний буюу халх сурын харваагаар явагдаж нийт 56 харваач цэц мэргэнээ сорьсноос насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд аймгийн харваач А.Түмэнжаргал, эмэгтэй төрөлд Дархан мэргэн спортын мастер Б.Долгорсүрэн, хүүхдийн эрэгтэй төрөлд 15 дугаар сургуулийн сурагч М.Мөнх-Эрдэнэ, ОИЦ сургуулийн сурагч О.Ариунжаргал нар тэргүүн байр эзэлж наадамчин олноо баясгалаа.
                               
               Л.Отгонбаатар                                                
 
Холбоотой мэдээ