Монгол, Солонгосын оюутнууд “Шинэ гудамж-3” төсөлд хамтран ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-07-04 23:27:04
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Иргэдийн оролцоо хөгжлийн түлхүүр” ТББ-аас санаачлан өнгөрсөн 2013 оноос эхлэн иргэдтэйгээ хамтран "Шинэ гудамж" төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Энэ онд “Шинэ гудамж -3” төслийг хэрэгжүүлж, Дархан сумын 15 дугаар багийн 7 дугаар хэсгийн 2,3 дугаар гудамжийг тохижуулахаар өнгөрсөн 06 дугаар сард нээлтээ хийсэн.

Харин БНСУ-ын Инчион хотын Үндэсний их сургуулийн Төрийн захиргааны чиглэлээр суралцдаг 20, ХААИС-ийн Агро экологи-Бизнесийн сургуулийн 20-иод оюутан хамтран хоёр өдрийн турш 20 цагийн сайн дурын ажлыг оршин суугчидтай хамтран хийж байна.

Энэхүү ажилтай өнөөдөр аймгийн удирдлагууд танилцахын зэрэгцээ цаашид тус сургуульд оюутан, төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй үнээр суралцуулах талаар харилцан санал солилцсон аж.

Мөн энэ үеэр БНСУ-ын Инчион хотын Үндэсний их сургуулийн багш, сурагчид “Шинэ гудамж-3” төслийн багийнханд 1000 доллар гардууллаа. Энэхүү ажлын гол онцлог нь иргэд оршин суугчид амьдрах орчноо сайжруулахад олон нийтийн байгууллагатай хамтран бага өртгөөр чанартай бүтээн байгуулалтыг хийж байгаа явдал аж.

“Шинэ гудамж-3” төсөлд Дархан сумын 15 дугаар багийн 37 өрх хамрагдаж байгаа  юм. Тэд гудамж хооронд зам засах, гэрэлтүүлэг хийх, мод тарьж хашаажуулах, камержуулах зэрэг ажлыг хийх ажээ.

Цаашдаа энэхүү төслийг үлгэр жишээ болгон орон даяар хэрэгжүүлж хэрхэн өөрсдийнхөө амьдарч байгаа орчноо сайхан болгох аяныг үргэлжүүлэн өрнүүлэх зорилтыг зохион байгуулагчид өмнөө тавьжээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ