АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт болох эсэх Кимээс шалтгаална

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-05-24 09:23:37
ВАШИНГТОН. /АП/. АНУ болон Умард Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт болох эсэх Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унаас шалтгаална гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, М.Помпео өчигдөр Конгрессын хуралдааны үеэр энэ тухай мэдэгдсэн байна.

М.Помпео хэлэхдээ “АНУ болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно гэдэгт найдаж байна. Гэхдээ энэ уулзалт болох эсэх Кимээс шалтгаална” гэжээ.

Тэрбээр Умард Солонгост хийсэн айлчлалынхаа талаар дурдаад “Ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж, эдийн засгаа сэргээхийн тулд стратегийн шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг Ким өөрөө сайн мэдэж байгаа. Ким энэ уулзалтад бэлтгэж байгаа гэдэгт АНУ найдаж байна. Хэрвээ цөмийн зэвсгээсээ татгалзвал Умард Солонгост эдийн засгийн тусламж үзүүлж, аюулгүй байдлын баталгаа олгоно гэдгээ манай тал түүнд тодорхой илэрхийлсэн” гэж хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уржигдар мэдэгдэл хийхдээ “Кимтэй хийх дээд хэмжээний уулзалт хойшлогдох төлөвтэй байна” гэсэн билээ.

Төлөвлөгөө ёсны дагуу бол тус хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх сарын 12-нд Сингапурт болох ёстой юм.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ