Байгаль орчны шилдгийг шалгаруулах уралдаанд түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 09:44:50

“Байгаль орчны сэтгүүлзүйн 2015 оны шилдэг бүтээл” шалгаруулах уралдаанд Сүхбаатар аймгийн SB телевизийн найруулагч Ц. Энхбаатарын “Элгэн чулуу битгий түү ээж чинь үхнэ шүү” бүтээл орон нутгийн төрөлд тэргүүн байр эзэлжээ.

Тэрээр: Элгэн чулуу ээжийн үнэтэй, атга шороо аавын үнэтэй, эх орон газар шороо гэдэг аав ээжийн дайтай үнэт эрхэм зүйл, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх хэрэгтэй гэсэн санааг энэхүү бүтээлдээ тусгажээ.

SB телевиз нь ийнхүү улсын чанартай томоохон тэмцээн уралдаанаас 3 дахь удаагаа шагналт байранд шалгараад байгаа нь энэ юм.

Байгаль орчны тулгамдсан сэдвийг сэтгүүлзүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндсөнөөр уг асуудлын шийдэлд олон нийт болон шийвдэр гаргагчдын анхаарлыг хандуулах, сэтгүүлчдийг хөхүүлэн дэмжиж, урамшуулах зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам, Англо Американ, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулсан байна.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

Холбоотой мэдээ