Д.Трампын бодлого дайн дэгдэхэд хүргэж болзошгүйг сануулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-07 10:07:04
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай цөмийн хэлэлцээр хийхээс татгалзах нь дайн дэгдэхэд хүргэж болзошгүй хэмээн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Spiegel” сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
“Д.Трамп Ирантай цөмийн хэлэлцээр хийхээс татгалзах нь биднийг буцааж боломгүй үйлдэл хийхэд хүргэж болзошгүй. Түүнийг дайн дэгдээхийг хүснэ гэж би бодохгүй байна” гэж Э.Макрон хэлжээ.  
 
Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах эсэхийг энэ сарын 12-ноос өмнө шийдэх юм.  

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргах шийдвэрээс үл хамааран Францын эрх баригчид Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи илүү өргөн хүрээтэй, шинэ хэлэлцээрийг бэлтгэн боловсруулах чиглэлд хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна хэмээн Э. Макрон өмнө нь мэдэгдэж байсан юм.

Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ тэргүүтэй зургаан улстай байгуулсан билээ.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ