Өсвөрийн улсын аварга шалгаруулах бадминтоны тэмцээнд Дорнод аймаг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-04-02 16:59:16
Дорнод /МОНЦАМЭ/ Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах бадминтоны 18 дахь удаагийн тэмцээн Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо анх удаа боллоо. Тэмцээнд 10 аймгийн 262 тамирчин өрсөлдөж багийн дүнгээр Дорнод аймаг тэргүүлж, Архангай аймаг удаалж, Хэнтий аймгийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарчээ.


Архангай, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Эрдэнэт Дархан, Улаанбаатараас ирж оролцсон тамирчид 11-ээс доош, 12-13 нас, 14-15 нас, 16-18 насны ангилалд ганцаарчилсан болон хосын төрөлд өрсөлдсөн. Уг тэмцээнийг Дорнод их сургуулийн Биеийн тамирын ангийн оюутнууд шүүлээ. Оюутнуудыг бэлтгэх зорилгоор Азийн бадминтоны холбооны сургагч багш, Малайз улсын иргэн Камал тус аймагт 7 хоног ажилласан юм.



Тэмцээнд түрүүлсэн тамирчид Улаанбаатар хотноо зохион байгуулагдах олон улсын тэмцээн болон Япон улсад зохион байгуулагдах тэмцээнд оролцох эрхтэй болжээ. Тэмцээний зохион байгуулагчаар Дорнод аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын Бадминтон сонирхогчдын холбоо ажиллалаа.
Энэ үеэр Дорнод аймагт бадминтоны спортыг анх үүсгэн хөгжүүлэгч аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч, Монгол улсын Спортын мастер Л.Цогд тус аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон хүндэтгэл үзүүлж, дурсгалын цом гардуулжээ.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ