Дулааны станцыг 2020 онд ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-24 11:44:21
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тус аймагт баригдах Дулааны станцын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар гадаад, дотоодын ажлын хэсэг хамтарч, өнгөрөгч амралтын өдрүүдэд Арвайхээрт ажиллалаа.
БНСУ-ын “Engineering Group Leader” компаний инженер Ли Жунхэ, Ким Сунвон, ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Оюун, “Engineering Group Leader” компаний Монгол дахь төлөөлөгч Д.Баясгалан нарын бүрэлдэхүүн Арвайхээр хотын шугам сүлжээ, дулаан үйлдвэрлэгч бүхий 13 халаалтын зуухны газруудтай танилцан төслийн ажлыг эхлүүлэхээр санал нэгдсэн байна. Дулааны станцыг БНСУ-ын Exim банкны хөнгөлөлттэй зээлээр барих бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл, төсөвт өртгийг 6 сар гэхэд гаргаж ажлаа эхлүүлэн 2020 оны 6 дугаар сард ашиглалтад оруулахаар аман тохиролцоо хийгджээ.
Дулааны станцтай болох нь агаарын бохирдоосоо салах том боломж хэмээн Арвайхээрчүүд олон жилийн турш хүлээсэн боловч орон нутагт дулааны өртөг зардлыг дийлэхгүйд хүрдэг гэх болгоомжлол ч зарим мэргэжилтнүүдэд байна. Тиймээс дулааныг цахилгаан станцтай нь хамт барих нь зүйтэй гэх саналуудыг ч өгчээ.
 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ