Малчдад туслах аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-21 10:32:51
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн төр, хувийн хэвшлийнхэн “Малчдад тусалъя” аяны хүрээнд хандиваа хүлээлгэн өгсөөр байна. Энэ 12 сар гарсаар Шүүхийн шинжилгээний газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457-р хорих анги, Гадаадын иргэн харьяатын газар, Нийтийн номын сан  зэрэг байгууллагууд малын нэмнээ, шахмал өвс, нэг өдрийн цалингаа хандивласан байна. 
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Статистикийн газар, Санхүүгийн хяналт, аудитын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар давс, лаа, шүдэнз ахуйн хэрэглээний зүйл, дулаан хувцас, мөнгөн тусламж үзүүллээ.
Аймгийн төвийн зарим цэцэрлэг, сургуулиудаас шахмал өвс, лаа шүдэнз, гурил будаа болон оо, саван зэргийг хандивлажээ. Зэвсэгт хүчний 123-р анги 170 ширхэг шахмал өвс, малын нэмнээ, дулаан  хос бээлий, төлийн уут зэргийг бэлтгэн малчдад хүргүүлэхэд бэлэн болгоод байна. 
Харин хувийн хэвшлийн байгууллагуудаас идэвх санаачилга гарган “Ховд-Эко” ХХК 180 шахмал өвс хандивлалаа. Эдгээр хандив тусламжийн бараа бүтээгдэхүүнүүдийг аймгийн нөөцийн фондод бүртгэн хүлээн авч, өвөлжилт хүндэрсэн сумдад олгох зориулалттай юм. Одоогоор аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн үргэлжилж байна.
 
                                                                                                                                                                                                                                                                 А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ