Их шүүдэргэний найрлагад 20 гаруй төрлийн амин дэм, органик хүчил агуулагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-17 22:27:25
Хүний эрүүл мэндийг хамгаалахын төлөө хийж байгаа бүхэн ямар их буян болдог билээ. Ийм л ажил үйлсийн төлөө нэгэн зорилго тавьж, биеэ чилээж яваа нэгэн бүсгүйн “Тунамал өгөөж” компаний тус нэмэр их байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд XVI жарны төмөр нохой жил Жамаахүүгийн дөрөв дэх охин болж төрсөн Өлзийсайхан ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө хэний ч үл анзаарам мөртлөө хамгийн их дэм болдог эмийн ургамлын ид шидийг түгээж яваа юм. Эднийхэн хэзээнээсээ хөдөлмөрч хүмүүс аж. Аав ээж нь нутагтаа сайн малчин байж. Аав нь аймгийн сайн малчин, алдарт уяач, уран уургач, морин спортын мастер сумын заан цолтой бөх хүн байсан. Сумынхаа наадмын түрүүг таван жил алдаагүй хүчтэн.
Өлзийсайхан “би багаасаа эршүүд байсан шиг байгаа юм. Аавыгаа дагаад уясан хурдан морийг нь унаж нааддаг байсан. Аав барилдана. Би морио адгуулна. Гэрийн ажилд оролцохгүй, ээждээ тусалдаггүй байсан санагддаг” хэмээн дурссан.
Тэр багаасаа хатуу хүтүүг үзэж, хөдөө хээр явсан болохоор ямарч ажлыг бэрхэд тооцдоггүй бүсгүйчүүдийн нэг гэлтэй.
“Алдарт эх” 12 хүүхдийн ээж Дэчигмаагийн 11 хүүхэд өнөөдөр малчин, багийн Засаг дарга, компаний захирал, санхүүч,  бизнесмен, багш, тогооч гээд төрөл бүрийн ажил эрхэлж амьдарлаа хэний ч дор орохгүйгээр авч явна.
Өлзийсайхан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 10 жилийн сургууль төгсөөд, Заамрын техник мэргэжлийн сургуульд хоёр жил суралцсан байна. Дараа нь хөдөө сумандаа очиж таван жил мал малласан гэдэг.
2001 оноос “Хөвсгөл их тайга” компанид ажилд ороод 2002 оноос тус компаний ургамал судлаачаар 2013 он хүртэл ажилласан байна. “Хөвсгөл их тайга” компаний зардлаар ХААИС-ийн байгалийн ухааны сургуулийн ургамлын нөөц ашиглалт био үйлдвэрлэл гэсэн ангид сурч төгссөн аж.
“Хөвсгөл их тайга” компаний захирал н.Сувдаа хөрөнгийн дэмжлэг өгч хувийн аж ахуйг эрхлэхийг зөвлөсөн байна.
Тэгээд л Булган аймагт “Их шүүдэргэнэ” ургамлаар цай үйлдвэрлэхээр 2014 оны 11-р сарын 26-нд “Тунамал өгөөж” компаниа Хангал сумын Хялганат тосгонд үүсгээд зорьсон зорилго, мөрөөдсөн мөрөөдөлдөө хүрнэ гэж шийджээ. Булганхангайн уул ус тааламжтай, хүн ард нь халуун дотно сэтгэлээр хүлээж авсан болохоор амжилттай явна.
Энэ жилээс эхлэн Булган аймгийн төв дээр ажлын байр үүсгэн үйл ажиллагаагаа явуулж байна.
- Би анх Булган аймгийн 2015 оны шилдэг хүнс үйлдвэрлэгчээр шалгарсан. 2015 оны намар “Бие тамиржуулах цай” Булган аймгийн шилдэгийн шилдэг бренд бүтээгдэхүүн боллоо. 2017 онд Манжуурын олон улсын үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээ борлуулсан. Дараагаар нь Хөх хотын үзэсгэлэнд бас амжилттай оролцлоо. Саяхан болсон “Халамжийг хөдөлмөр болгоё” үзэсгэлэн худалдаа, яармагаар манай бүтээгдэхүүн стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарч бас шагнал авсан гэж Ж.Өлзийсайхан өгүүллээ.
“Тунамал өгөөж” компанийг нэрд гаргаж байгаа их шүүдэргэнэ ургамал дэлхий нийтэд хавдараас хамгаалах чадлаараа тэргүүн зэрэгт тооцогддог ургамал гэдгийг шинжлэх ухааны үндэслэлээр баталсан байна.
Их шүүдэргэний найрлагад 20 гаруй төрлийн амин дэм, органик хүчил агуулагддаг бөгөөд 250 гаруй өвчнийг анагаахад тус дэм болдог аж. Хортой, хоргүй бүх төрлийн хавдар, элэгний төрөл бүрийн өвчнөөс гадна амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны өвчнийг илааршуулахад тус дэм болдог гэнэ.
Тэрээр, манай улсад нүүрлэж байгаа нэгэн аюул хавдар өвчнийг анагаахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах үүднээс нэн ховор, ховордоо орсон ургамал их шүүдэргэнийг онцлон эх орныхоо хөрсөнд үржүүлж, ургуулаад монголдоо төдийгүй дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх мөрөөдөл зорилго тавьжээ.
Одоо тус компани их шүүдэргэнэ ургамлын цай үйлдвэрлэхээс гадна ургамал хэлбэрээр нь хавдарын хүнд болон хөнгөн өвчтэй хүмүүс хэрэглэхээр савлаж байгаа гэнэ. Мөн зун амьд ургамлаас нь шүүсийг нь шахаад амьд ус нэртэй хүнд өвчтэй хүмүүс хэрэглэхээр савлаж лабораторийн шинжилгээ, стандартын дагуу шинжлүүлээд хүний хүнсэнд нийцсэн эмчилгээний журмаар хэрэглэхээр үйлдвэрлэж байна.
Булганд төдийгүй Хөвсгөл, Дархан, Орхон, Улаанбаатар хот болон бүх аймгийн хүмүүс утсаар лавлан хэрэглэдэг болжээ.
- Хавдар эцсийн шатандаа хүрээгүй бол хавдарыг зогсоох үйлчилгээтэй ургамал их шүүдэргэнэ. Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд “болохгүй юм байна” гэсэн цөхөрсөн хариулт ирээгүй. Гурван жилийн өмнө хавдартай гэсэн онош нь тогтоогдсон иргэн байнга хэрэглэж байгаа. Ер нь өөр аймгаас хэрэглэсэн хүмүүс гайгүй байна. Вирусын халдвар зогссон байна. Одоо элэгний эмгэг багассан. Тэр бүү хэл удаан хугацаанд уусан хүн вирус эдгэчихлээ гэсэн сэтгэгдлээ илэрхийлдэг гэж Өлзийсайхан ярьж байна.
Их шүүдэргэнэ Монголын хөрсөнд идээшсэн унаган ургамал. Ямарч бордоогоор бордогдоогүй болохоор экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Тус компани их шүүдэргэнийг 2014 оноос тарималжуулжээ. Тархац нь хурдан, байгальд дасан зохицох чадвар нь их сайн аж. Ургамал эр ургамлаасаа тоос авдаг бол их шүүдэргэнэ өөрөө өөртөө тоос хүртээдэг хоёр бэлэгтэй жилдээ хоёр боловсордог онцлогтой юм байна. Боловсорч гүйцээд үрээ хаясан үед нь зориулалтын багажаар хяргаж авдаг. Үндсийг гэмтээлгүй ашиглаж болдог олон наст ургамал аж.
“Тунамал өгөөж” компани Тариахтай, Хантай, Бүрэгийн нуруу, Булган ууланд их шүүдэргэнийг нутагшуулжээ. Маш сайн ургаж байгаа учраас жилийн жилд нэлээд хэмжээгээр тариалах зорилготой гэнэ.
- Ер нь 6-7 настайгаасаа уул хөвчөөр явж, дэгд ганга ч юм уу эмийн ургамал нүдэнд тусаад ямар ид шидтэйг нь ялгадаг болох юмсан гэж боддог байсан. “Хөвсгөл их тайга” компаний ургамал судлаачаар явахдаа бүх юмаа өөрийн болгохсон гэж боддог байсан. Ямар ургамлаар юу хийх вэ, ямар ургамал сонирхох вэ гэсэн бодол байнга тээж явсан. Их шүүдэргэнэ ургамлыг мэдэхгүй зөндөө ургамал судлаад л явсан юм. Хамгийн анх Төв аймгийн Жаргалант сумаас олж харж байсан. Сувдаа эгч бид хоёр номоо бариад олон ургамлын дэлбээг тоолоод цэцэгнийх нь өнгийг нь хараад явж байгаад шүүдэргэнэ олж хараад их баярласан. Дараа нь Хэнтий аймгийн Бор-Өндөрт үзсэн. Тэгээд л их шүүдэргэнэ ургамлаар бүтээгдэхүүн хийхээр шийдсэн хэмээн тэр ярьсан юм.
Өнөөдөр “Тунамал өгөөж” гэдэг нэр “Тамиржуулах цай”, “Их шүүдэргэнэ” цай, “Их шүүдэргэний амьд ус”, “Их шүүдэргэний ундаа”-тайгаа хамт эх орондоо төдийгүй хилийн чандад ч дуурсагдах болжээ. Манжуур хотод болсон олон улсын үзэсгэлэн худалдаанд “Тунамал өгөөж”-ийн бүтээгдэхүүн эрэлттэй байсан гэдэг.
Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө мөрөөдлөө биелүүлж яваа Өлзийсайхан бүсгүйн ажил үйлс өөдрөг бүтээмжтэй байна. Хүний эрүүл энхийн төлөө тус бүхэн сайн сайхан үйлсийг дагуулдаг.
“Тунамал өгөөж”-ийн тус их байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ