Нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2017-12-12 15:06:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр “Ил тод хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал зохион байгуулахаар болсон. Тус яамнаас  өнөөдөр ээлжит хурлаа хийж  уул уурхайн салбарын эхний 11 сарын мэдээллийг  өглөө.

Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамжийг тоймловол нийт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Тодруулбал алтнаас  44.9 тэрбум, нүүрснээс   507.8 тэрбум, цайр   61.6 тэрбум, зэс  732.9 тэрбум, төмөр  11.6 тэрбум, жонш   10.2 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар онцлов.

Улмаар манай улс эхний 10 сарын байдлаар 40 сая тонн нүүрс, 1 сая.тонн зэсийн баяжмал, 17.4 тонн алт, 4.7 мян.тонн молибдений баяжмал, 6.7 сая тонн төмрийн хүдэр, 3 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 104 мян.тонн хайлуур жонш, 17.0 мян.тонн хайлуур жоншны баяжмал, 69 мян.тонн цайрын баяжмал үйлдвэрлэсэн байна.

Нийт экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүнийх эзэлж буй бөгөөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам. доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өсчээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  энэ онд улсын төсөвт 293.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс өнгөрсөн сарын байдлаар 215.0 тэрбум төгрөг төвлөрүүлж 73.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Харин ирэх онд УУХҮ-ийн сайдын багцад ирэх онд нийт 26.4 тэрбум төгрөгийн зардлын төсөв болон 291.8 тэрбум төгрөгийн орлоготой байхаар батлагджээ.

Энэ онд 8.1 сая баррель 1.1 сая тонн газрын тос олборлон экспортолж,  улсын төсөвт 191.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс одоогоор 7.14 сая баррель буюу 968 мянган тонн газрын тос олборлоод байна. Яамны зүгээс “2017 оны төсвийн тухай” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаагаа дуулгалаа. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7.7 сая баррель газрын тос олборлон экспортолж, улсын төсвийн төлөвлөгөөг  биелүүлнэ хэмээн салбарын сайд мэдэгдэв.
Б.Заяа
Холбоотой мэдээ